Хятадын мөс зүсэгч хөлөг онгоцууд Өмнөд туйл руу хөдөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ШАНХАЙ, 2023 оны арван нэгдүгээр сарын 1 /ТАSS/. Хятадын шинжлэх ухааны судалгааны 40 дэх багийн эрдэмтэд "Сюэлун", "Сюэлун-2" мөс зүсэгч хөлөг онгоцуудаар Антарктид тивийг зорин Шанхайн боомтоос өнөөдөр хөдөлсөн тухай Хятадын төв телевиз мэдээллээ.
Мөн Антарктидад Хятадын шинэ судалгааны станцыг барихад шаардлагатай материал, тоног төхөөрөмжүүдийг ачсан “Тяньхүэй” ачааны хөлөг онгоц Жянсү мужийн Жанцзянган боомтоос хөдөлжээ. Дээр дурдсан судалгааны багт нийт 80 байгууллагын 460 хүн оролцож байгаа бөгөөд тэд 2024 оны дөрөвдүгээр сард эргэж ирэхээр төлөвлөсөн байна. Тус багийн гол зорилго бол Антарктид дахь Хятадын тав дахь шинжлэх ухааны судалгааны станцыг байгуулах явдал юм. Росс тэнгисийн эргийн бүсэд байрлах тус станцад зуны улиралд 80, өвлийн улиралд 30 судлаач ажиллана.
Эрдэмтэд Антарктидын экосистемд уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөлөх байдлыг судалж, усан
мандал, агаар мандлын тандалт
хийнэ. Үүнээс гадна Норвеги, Австри улстай хамтран тус тивийн мөсөн бүрхүүлийн төлөв байдлыг судлах олон улсын төсөлд оролцоно. Хятадын
экспедиц АНУ, Их Британи, Австрали, Итали, Өмнөд Солонгос, Орос, Чили болон
бусад улсуудтай материал техникийн
хангамжийн асуудлаар идэвхтэй хамтран ажиллана.
Хятад улс туйлын судалгаанд идэвхтэй оролцож, 1984 оноос хойш Антарктидыг судалж байгаа
бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлд үйл ажиллагаагаа ихээхэн эрчимжүүлж байна. Антарктидад Хятад улсын Чанчэн, Жуншань, Кунлун, Тайшан гэдэг дөрвөн станц ажилладаг бөгөөд сүүлчиийн станцыг 2014
онд байгуулсан ажээ.
Өмнөд туйл руу илгээсэн үүний өмнөх 39 дэх судалгааны багийн ажил 2022 оны 10 дугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын хооронд үргэлжилжээ.