Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниудад зориулсан дүрмийг G7 батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-10-30 17:16:24

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 30 /Reuters/. “Долоогийн бүлэг” буюу G7-ийн орнууд хиймэл оюун ухааны ухааны дэвшилтэт системийг хөгжүүлж буй компаниудад зориулсан тусгай дүрмийг өнөөдөр батална. 


Энэ дүрмийг баталснаар G7-ийн орнуудын засгийн газрууд хиймэл оюун ухааныг өөр зорилгоор ашиглах эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж байна. Тусгай дүрэм нь хиймэл оюун ухааны салбарын хөгжлийн чиг баримжаа болох юм.


11 заалт бүхий уг дүрэмд хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн явцад учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах, мөн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг хөгжүүлэгчдэд уриалжээ. 


Түүнчлэн компаниуд дүрмийн дагуу хиймэл оюун ухааны системийн чадавх, хязгаарлалт, буруу ашиглалтын талаарх тайланг нийтэлж, аюулгүй байдлын найдвартай хяналтад хөрөнгө оруулах ёстой.


G7-ийн орнууд (Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ), мөн Европын Холбооны гишүүн орнууд хиймэл оюун ухааныг зохицуулах асуудлыг Японы Хирошима хотноо тавдугаар сард сайд нарын түвшинд хийсэн чуулга уулзалтын үеэр анх хэлэлцсэн юм. 


Ташрамд дурдахад, ChatGPT-ийг хөгжүүлж буй Америкийн OpenAI компани хүсээгүй мэдээллийг илрүүлэх, устгах зориулалттай хиймэл оюун ухаанд суурилсан системийг туршиж байгаа тухай хэвлэлүүд наймдугаар сард мэдээлж байв.

Related news