ЗАВХАН: Хөдөө аж ахуйн газар Л.Лхаасүрэнгийн нэрэмжит болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-30 16:30:32

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Лхаасүрэнгийн нэрэмжит болж, энэ үеэр түүний хөдөө аж ахуйн салбарт ажилласан 60 жилийн тухай үзэсгэлэн гарч, эрдэм шинжилгээний хурал боллоо.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лувсанбалдангийн Лхаасүрэн 1941 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, зоотехникч мэргэжилтэй. Тэрбээр 1965 оноос Алдархаан сумын Үржлийн станцад үржлийн зоотехникчээр ажлын гараагаа эхэлж Завхан аймгийн төдийгүй, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг гаргаж мал аж ахуйн салбарт бодитой хувь нэмэр оруулжээ.


Тухайлбал Тэсийн хурдан удмын адуу, Завхан-Хүнгий голын тэмээ, Борх, Буянт,  Идэрийн үхэр, “Сартуул” хонь “Завхан-буурал” ямаа зэрэг онцлог ашиг шимт малыг илрүүлж тэдгээрийн тархалт, биологийн онцлогийг судалсан байна.


Мөн үржлийн ферм хэсэг, тэмээний гурав, адууны хоёр, үхрийн тав, хонины 13, ямааны тав гээд ферм хэсэг 28-ыг байгуулжээ.

Үүнээс онцолбол Тэсийн голын азаргыг гурван аймгийн 31 суманд хээлтүүлэгчийг авч, тухайн төрлийн малын ашиг шимийг дээшлүүлэхэд, үндсэн сайжруулагчаар ашигласан байна.


Монгол адууны анхны фермийг анх 1971 онд Тэсийн голын сав нутаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэгээс эхлэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Увс аймгийн Тэс хүртэлх сумдыг хамруулан байгуулж, адуун сүрэгт явуулын судалгааг хийсэн ажээ.


1973 онд Завхан аймгийн Тэс суманд, 1974 онд Баянтэс сумын бүх адуунд 24 үзүүлэлтээр шилэн сонголтыг хийж, шилмэл 854 адуугаар үржлийн ферм байгуулж, фермийн бүх адуунд ангийн им, тэмдэг, удмын нууц шивүүр тоог чихэнд нь хийж, биед нь аж ахуйн оноосон тамгыг дарж, бүрэн бүртгэлжүүлж анги чанарыг нь тогтоосон байна.


Энэхүү ферм нь манай улсын монгол адууны анхны ферм төдийгүй Завхан аймгийн адуун сүрэгт хийж байсан анхны судалгаа шинжилгээний ажил юм. 


Тэс омгийн адууг 2019 оны 11 дүгээр сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдрээр баталж энэхүү адуу нь олон улсын генийн санд орсон билээ.


Ийнхүү Л.Лхаасүрэн болон олон хүний хүч хөдөлмөрөөр 50 орчим жилийн судалгаа, эрдэм шинжилгээний дүнд 2019 онд Тэс адуу шинэ үүлдрээр батлагдаж, НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар болсон аж.


Тэс үүлдрийн зохион бүтээгчээр Л.Лхаасүрэн, ХАА-н ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталж, энэхүү үүлдрийн адууг бий болгоход олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан гурван аймгийн малчид, мэргэжилтэн, удирдах ажилтан 31 хүнийг Тэс адууны үүлдрийн идэвхтэй дэмжигчээр баталсан байна.

 

Л.Лхаасүрэн нь хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станц, Эрдэнэхайрхан сумын нэгдэл, аймгийн ХААХҮ-ийг удирдах газар, Хоршоологчдын холбоо, Мал аж ахуй, үржлийн алба, Цөм сүргийн үржлийн төв зэрэг газарт ажиллаж байв.

Тэрбээр аймгийн 50,60,70,80,90,100 жилийн ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат зоотехникч зэрэг шагналаар шагнуулжээ.


Түүний хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Завхан аймгийн 100 жилийн ойн баярын үеэр шагнасан юм.


Related news