ЗАВХАН: Хөдөө аж ахуйн сэргэлтийн бодлогоо тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-25 15:26:24

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Тус аймаг хөдөө аж ахуйн сэргэлтийн 10 бодлогыг тодорхойлж мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, тариаланчид, мэргэжилтнүүдэд танилцуулжээ.


Тухайлбал Завхан аймгийн хөдөө аж ахуйн салбарыг судалгаа тооцоололд тулгуурлан хөгжүүлэх бодлого баримтална. Хөдөө аж ахуйг дэмжсэн зээлийг хавтгайруулахгүй төвлөрүүлнэ.


Дөрвөлжин, Ургамал суманд ингэний ферм, Асгат, Тэс, Баянтэс, Тэлмэн гэсэн газар тариалангийн бүс нутгуудад үхрийн ферм байгуулахыг бодлогоор дэмжих.

Их-Уул, Тосонцэнгэл суманд сарлагийн махны болон сарлагийн хөөврийн утас ээрэх үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих.


Малын үүлдэр угсааг сайжруулах бодлогыг шинэ түвшинд гаргах. Малын тоог биш, чанарыг тэргүүн ээлжид баримтлах.

Цагаан идээ сүүний үйлдвэрлэлийг дэмжих. Цахим хөдөө аж ахуй кластерийн бодлогыг дэмжих. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих гэхчэн 10 бодлогыг тодорхойлжээ.




Өнөөдөр тус аймгийн хэмжээнд 30 орчим үхрийн ферм тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын А/473 тоот тушаалаар бог малын хээлтүүлэгч малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг хийж байна.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар 2021 онд улсын хэмжээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж 2021 онд нийт сүргийн 3.3 сая мал, 2022 онд 6.6 сая мал, 2023 онд 9.8 сая мал, 2024 онд 13.1 сая малыг /өссөн дүнгээр/ ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна.


Завхан аймгийн тухайд 13 мянга гаруй богийг үзлэг ангилалтад хамруулж ээмэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим бог малын хээлтүүлэгчийг ангилж ээмэгжүүлэх ажлыг хийгээд байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв.



Ташрамд, Завхан аймаг 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3721.1 мянган толгой малыг тоолж өнгөрсөн оноос малын тоо 34.1 мянган толгой малаар буурсан байна.

Нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 7.3 хувь, үхэр 7.1 хувь, хонь 50.8 хувь, ямаа 34.6 хувийг эзэлж байв.

Харин тооллогоор 1461.6 мянган хээлтэгч тоологдож нийт сүргийн 39.3 хувийг хээлтэгч мал эзэлжээ. Нийт 25.3 мянган хээлтүүлэгч мал тоолуулжээ.

.

 

Related news