ӨВӨРХАНГАЙ: Энэ онд 50 гаруй мянган жуулчин Өвөрхангай аймагт зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-25 13:42:05

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид, сумдын Засаг дарга нарыг хамруулсан “Аялал жуулчлалын сэргэлт” зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгууллаа.

 

Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оны 5 дугаар сард шинэчлэн баталсантай холбогдуулан хуулийн онцлог талуудыг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулсан юм. Мөн Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлогын мэдээллийн өгч, цаашид анхаарах асуудлаар хэлэлцлээ.

 

Өвөрхангай аймаг нь Монгол орны төв бүсэд оршдог, баруун аймгийг чиглэсэн хоёр магистрал зам дайран гардаг, үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд их байдаг нь аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх боломж хэмээн харж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 32 жуулчны бааз, 8 рашаан сувилал, амралтын газар, 14 зочид буудал, зам дагуух үйлчилгээний цогцолбор 2, аялал жуулчлалын бүс нутагт 80 гаруй малчин өрх гэр баазууд тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. 2023 онд дотоодын болон хилийн чанадаас 50 гаруй мянган жуулчин Өвөрхангай аймагт зочилжээ.

 

Цаашид тус салбарт зочлох үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний бүтээгдэхүүн, нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт татварыг төвлөрүүлэх шаардлагатайг зөвлөгөөнөөр онцоллоо.  

Related news