Саран дээр буусан Энэтхэгийн аппаратаас дохио ирэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-09-23 12:02:35

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ Сарны шинэ өдөр эхэлж буй энэ үед сарнаа буугч ба явагч аппаратуудтай холбоо тогтоохыг оролдсон боловч одоогоор ямар нэгэн дохио хүлээж аваагүй байна.


Сарнаа явагчийг тээсэн буугч аппарат Сарны харьцангуй бага судлагдсан өмнөд туйлд наймдугаар сард газардсан юм. Үүний дараа хоёр долоо хоногийн турш мэдээлэл цуглуулж, гэрэл зургууд авсны дараа Саран дээр шөнө болохтой зэрэгцэн “унтаа горим”-д шилжсэн билээ.


Нар есдүгээр сарын 22-ны орчимд мандах үед аппаратын цэнэг хураагуурууд дахин цэнэглэгдсэнээр төхөөрөмжүүд сэрнэ гэж ISRO найдаж байгаа юм. Гэвч Сарны шөнө маш хүйтэн байдаг тул цэнэг хураагуурууд  эвдэрсэн байж магадгүй.


Баасан гарагт ISRO-гийн “X/хуучнаар “Twitter/ цахим хуудсанд бичсэнийг үзвэл, “Викрам” газардагч, “Прагяан” явагч аппараттай холбоо тогтоох ажиллагааг үргэлжлүүлнэ гэжээ. Энэтхэгийн хувьд, Сарны өмнөд туйлд сансрын аппаратаа газардуулсан анхны улс, АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа Саран дээр аппаратаа зөөлөн газардуулж чадсан 4 дэх улс болсон билээ.


“Чандраян-3”-ын Саран дээр газардах хугацааг Сарны өдрийн эхлэлтэй давхцуулахаар сайтар төлөвлөсөн бөгөөд ингэснээр буугч ба явагч аппаратууд 14 хоногийн турш нарны гэрэлд батарейгаа цэнэглэн ажиллах боломж бүрджээ. Ингэснээр буугч болон явагч аппаратуудын хөдөлгөөн, судалсан зүйлсийнх нь талаар тогтмол мэдээлэл өгч, тэдгээрийн авсан зургуудыг дэлгэн үзүүлсээр байсан юм. Хоёр аппаратыг унтаа горимд шилжих үед бүх даалгавраа биелүүлсэн гэдгийг “ISRO” мэдээлсэн ба "сэрнэ" гэдэгт нь найдаж байлаа. Ингэхдээ Нар мандахтай зэрэгцэн хэд хэдэн удаа сэрж байсан Хятадын “Чанъэ-4” буугч аппарат болон “Юйту-2” явагч төхөөрөмжийг жишээ болгон дурдаж байв.


Харин ISRO-гийн дарга асан Киран Кумар BBC телевизэд ярилцлага өгөхдөө, Сарны өмнөд туйлд шөнөдөө цельсийн -200 хэмээс -250 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд цэнэг хураагуурууд хэт бага температурт ажиллахад зохицоогүй тул сэрэхгүй байх магадлалтай хэмээн ярьжээ. Гэхдээ Викрам, Прагяан аппаратууд сэрэхгүй байсан ч гэсэн Энэтхэгээс Сар руу илгээсэн элчүүд болон үлдэнэ хэмээн  ISRO үзэж байна.

 


Related news