Нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-21 15:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамал өнгөрсөн сарын сүүлч хүртэл төдийлөн сайн гараагүй ч нийт нутгийн 60 орчим хувьд сайн байсныг ЦУОШГ-аас мэдээллээ.


Түүнчлэн, 40 орчим хувьд нь дунд, 10 орчим хувьд нь буюу Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Говь-Алтай, Завхан, Дундговь, Дорноговийн ганц нэг сумын нутгаар муу байвХарин энэ оны 6 дугаар сарын эхний арав хоногт нийт нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн ургамал хэвийн, 40 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээтэй байсан юм. Долоодугаар сарын дунд 10 хоногоос зуншлага сайжирч 60 гаруй хувьд хэвийн, 30 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу байлаа. Тодруулбал, долоодугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын зарим хэсгээр 4.1-14.0 ц/га, тал хээр, баруун, говийн нутгийн ихэнх хэсгээр 0.1-2.0 ц/га байжээ



Энэ зуны агаарын температурын дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 12.5-15, Их нууруудын хотгор, Мэнэнгийн тал болон говийн нутгийн зарим хэсгээр 20.1-25, Номин, Шарга, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 25.1-27.9, бусад нутгаар 15.1-20 градус дулаан байлаа.


Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-4.2 градусаар дулаан байжээ. Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 11-30 хоног, уулархаг нутаг, томоохон голуудын хөндийгөөр 1-10 хоног, баруун, говийн зарим хэсгээр 31-76 хоног халсан аж.


Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд 3.9-200 мм, төвийн нутгийн ихэнх, зүүн аймгуудын зарим сумын нутгаар 200.1-300 мм, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Баянгол, Ерөө, Дархан-Уулын Орхон, Шарын гол, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Хэнтийн Дадал, Норовлинд 300.1-529.6 мм орсон байна. Энэ зуны тунадас 70 гаруй хувьд дунджийн орчим, түүнээс ахиу, 30 орчим хувьд буюу тал хээр, баруун болон говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага оржээ.

 

 

Related news