ДАРХАН-УУЛ: Иргэдийн саналд тулгуурлан зарим асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-15 23:54:57

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэрбээр Залуучууд театрын их танхимд иргэдтэй уулзалт хийж асуултад хариуллаа. Нийт 60 орчим иргэн давхардсан тоогоор 300 гаруй асуулт асууж, холбогдох яамдын сайд болон Ерөнхий сайд нэгдсэн байдлаар хариулт өглөө.




Ажлын байр нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, боловсролд анхаарах, УИХ, засгийн газрын журам, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг дунд, доод шатанд төгөлдөржүүлж хэрэгжилтэд хянах тавих саналыг иргэд түлхүү тавьж байлаа.

Нөгөөтэйгүүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж буй том, жижиг төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн төвлөрлийг багасгахад хамгийн ойр Дархан-Уул аймагт барилгын салбарыг хөгжүүлэх, Залуус-1,2 хорооллын төсвийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.




Хотын статусыг сэргээх, хил залгаа Сэлэнгэ аймагтай газар нутгийн маргаан малчид, тариаланчдад тулгардаг. Аймгийн хилийн маргаан, уул, уурхайн салбарын зүй зохистой ашиглалтад анхаарал хандуулж үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг үндэслэн шийдвэрлэж, газар тариалангийн бүс нутагт мал аж ахуйг хэрхэн бодлогоор дэмжих эсэхийг тодрууллаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн асуулт бүрд хариулт өгөхийн зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй болон шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг 2023, 2024 онд эрчимжүүлж ажиллахаар боллоо.




Тухайлбал хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах үүднээс засвар үйлчилгээ хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгүүдийн дээвэр, дотно, гадна засварын ажлын санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж хэрэгжилтэд холбогдох яам, газрууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн өнгөрсөн хавраас хойш нийтийн тээврийн үйлчилгээ зогссон. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлттэй үнээр зорчдог байсан бол нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдээгүй, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулах боломжгүй болсон тул дээрх иргэдийн өмнө тулгамдсан асуудал байсан. Тэгвэл уг саналыг дэмжиж нийтийн тээвэрт 20 шинэ автобус энэ онд багтаан өгөхөөр боллоо.




Шилжин ирж буй иргэдийн тоогоор улсдаа тэргүүлж буй Дархан-Уул аймаг иргэдэд өмчлөлийн зориулалтаар газар олгох боломжгүйг аймгийн засаг дарга мэдэгдэж байсан. Тэгвэл түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг залуус онцолж байлаа. Учир нь орон сууцны үнэ жил бүр өсдөг, үүнийг дагаж хуучин байрны үнэ нэмэгдэж худалдан авах боломжгүй зээлийн нөхцөл, шаардлагыг хангах иргэд цөөн учраас иргэдийн боломжид тулгуурласан нөхцөлтэй түрээсийн орон сууц шаардлагатайг уламжиллаа.




Уулзалтын үр дүнд ирэх оны төсвөөс дараах ажлуудыг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал өвлийн спортыг хөгжүүлэх, улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдыг бэлтгэх зориулалттай “Өвлийн спортын ордон”, Орхон сумын ЕБС-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 480 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн барилга, байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үерийн байгууламжийг шийдвэрлэхээр боллоо.



Мөн Залуус хороололд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих, тус хорооллын инженерийн шугам сүлжээ, автозамын ажил, сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлж шаардлагатай санхүүжилтийг хугацаа алдалгүй шийдвэрлэнэ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулж, хатуу хучилттай автозамын ажлыг үргэлжүүлэх бол хамгийн сүүлд төлөвлөгдсөн 31 дүгээр хорооллын дулаан хангамжийг барих асуудлыг ирэх онд шийдвэрлэхээр боллоо.

Related news