ДОРНОГОВЬ: “Өв Алтан Эрдэнэ” өсвөрийн морин хуурч, уртын дуучдын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-14 12:59:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГ, сумын Соёлын төвөөс санаачилж Дэлгэрэх сумын харьяат алдарт морин хуурч Чойн Банзрагчийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан ерөнхий боловсролын VI-XII ангийн сурагчдын дунд “Өв Алтан Эрдэнэ” өсвөрийн морин хуурч, уртын дуу дуулаачдын уралдааныг энэ оны есдүгээр сарын 16-нд Дэлгэрэх суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Уралдааныг Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулах бөгөөд дунд, ахлах ангиллаар явуулах аж. Уралдааныг мэргэжлийн хүмүүс шүүн явуулж шалгарсан оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Энэ үеэр тус сумын Соёлын төвийг алдарт морин хуурч Чойн Банзрагчийн нэрэмжит болгосны нээлтийг зохион байгуулах аж.


Дэлгэрэх сумын харьяат алдарт морин хуурч Чойн Банзрагч “Алтан говийн унага”, “Зандан хүрний эзэд”, “Бүргэд хоншоортой бор” хэмээх гурван уртын дуу зохиож олны хүртээл болгосноос гадна нийтийн дууны 60 гаруй бүтээл, дан хөгжмийн 14 бүтээл, бүжгийн хөгжмийн 35 бүтээл, жүжгийн хөгжмийн гурван бүтээлийг олны хүртээл болгож байжээ. Үүнээс гадна үндэсний хөгжим морин хуурын олон арван шавь бэлтгэсэн багш ажээ.

Related news