ДОРНОГОВЬ: Н.Чимгээ: Бидний мэргэжил хүний гоо сайхныг өнгөлөг байлгахын төлөө анхаардаг сайхан ажил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-12 10:52:37

Сайншанд /МОНЦАМЭ/. Мастер үсчин Намсрайн Чимгээ гэхлээр Дорноговийнхон андахгүй. Өсөх идэр наснаасаа өндөр 80 нас шүргэтлээ хүний үсийг засаж тэдэнд гоо сайхан, өнгө зүс түгээж яваа тэрбээр нийтийн аж ахуйн салбарт 58 жил ажиллаж Ноён хутагтын мэлмий гийсний 220 жилийн ойн босгон дээр Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан хэмээх өндөр цол хэргэмийг хүртсэн юм.

Үс хайчлах амархан засахын өмнө бодох нь, эргэцүүлэх нь, үйлчлүүлэгтэйгээ зөвлөлдөх нь чухал гэснийг ухаж үзвээс тэрбээр үсчин хайч, сам нийлүүлж гараа хөдөлгөж буй мэт боловч цаана нь уураг тархиа ажилуулж байдгийг сануулсан онцгой үг байлаа. Тэрбээр залуу насандаа гадаадын орноор аялж туршлага судалж явсан нь сайн үсчин болоход нөлөө үзүүлжээ. Мөн аавтайгаа нэгдлийн адуу маллан морь уургалж, адуу дэллэж, хээр талдаа дэгэж дэрвэж явсан онцгой дурсамжтай нэгэн. Мэргэжилдээ үнэнч байхын утга учрыг харуулсан түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Таныг залуу насандаа нэгдлийн адуучин, морь уургалдаг байсан гэдэг. Тэр үеэ эргэн дурсах уу? Учир нь одоогийн залуус эмэгтэй хүн адуучин байсан гэхэд гайхаж магадгүй. 

-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань бригадын хүн. Аавтайгаа хамт Дэлгэрэх сумын “Залуу хүч” нэгдэлд засгийн адуун сүрэг малладаг байлаа. Нийт гурван жил, нэгдлийн хурдан адууг өртөө адуутай нь хамт маллаж байв.


-Өртөө адуу гэхлээр уналга эдэлгээний адуу байх нь  ээ?

-Тийм ээ. Өртөө адууг зоотехникч, малын эмч, аймаг, сумаас ирсэн төлөөлөгч гээд шинэ залуу боловсон хүчнүүд хөдөө ажиллахдаа унадаг байлаа. Тэдний унах морьдыг бэлэн болгодог ажил гэсэн үг. Сум аймгаас ирсэн албаны хүмүүст морь уургалж, эмээллэж бэлэн болгож өгнө. Нэг удаа аавын адгуулдаг адуун сүрэг рүү өөр хүний хэсэг адуу нийлээд орчихож л дээ.

Алтанширээ сумын Сайн-Ус гэдэг газар санагдаж байна. Алтанширээгийн хүн аавыг “Морь уургалаад өгөөч” гэж гуйхад нь аав “Хүү минь адууны захад морьтой охин явж байгаа. Түүнд хэлээд морио уургалуулаад авчих” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл нөгөө хүн нь намайг харж зогсож байгаад хэлэхээсээ ичээд явчихсан.


-Та  адуунд эрэмгий байж?

-Адуу уургалдаг байсан. Одоо бодоход гайгүй байсан шиг байгаа юм. Тэр үед Саяннямбуу, Сосорбарам гээд л нэгдлийн зоотехникч нар ажилладаг байлаа. Тэдэнд өртөө адууны морийг уургалаад бариад өгчихнө. Нөгөө хэдээрээ тоглоом хийх маягтай ааширхуу морины олмыг нь чангахан татахад огло харайж цамхална. Морь унахдаа тааруу нэгнийгээ тоглоом хийж ааштай, бусгадаг адуу барьж өгөх нь энүүхэнд. Залуу насны ажил байж дээ.


-Дараа нь Та аймгийн төв рүү шилжсэн байх аа?

-Аймгийн төвд эгч маань шилжиж ирээд би ч дагаад ирлээ. 1965 оны үе байх. Аймагт ирж ажилд орох санаатай явж байтал тэр үед аймгийн захиргааны хүмүүс хороо хориноор явж ажилгүй хүмүүсийг ажилтай болгох кампанит ажил өрнөж байсан шиг байгаа юм.

Нэг өдөр хамаатныхаа Чулуун гэдэг үсчнийг дагалдаж сонирхлоороо үсчин болохоор явлаа. Тэр үед манай аймагт хоёр япон үсчин ажиллаж байж. Тэд нутаг буцах болж би ч дагалдангаар орох боломж гарсан юм.


-Таныг үсчний мэргэжлээр төрсөн Дорноговийн анхны гавьяат гэж онцолсон байна лээ? Энэ алдрыг хүртэхдээ юуг бодож байв?


-Мэдээж хэрэг сэтгэгдэл сайхан байсан. Би нийтийн аж ахуйн салбарт 58 жил ажиллаж байна. Өөр ямар нэгэн ажил солиогүй. Энэ мэргэжилдээ үнэнч явж ирлээ. Одоо хүртэл хайч, сам нийлүүлж сууна. Аймгийнхаа үсчин мэргэжилтнүүдийн гурав дахь үеийнх нь байх аа. Миний доод үеийнх, тэдний доод үеийнх гээд манай салбар өнөр болж байна.


Харамсалтай нь зах зээл эхэлснээс хойш нийтийн аж ахуйн үйлчилгээний газар татан буугдаж манай салбар харьяалах газаргүй эзэнгүй болсон. Үүнд би их харамсаж явдаг. Манай салбарын олон сайхан хүмүүс хувиараа ажиллаад гавьяа шагнал ч үгүй хаягдсан. Сантехник нь “Чандмань-Илч” гэдэг байгууллагад шилжсэн. Би 28 жил ажиллаад тэтгэврээ тогтоолгосон.

Гэтэл энэ нь буруу л байсан санагддаг. Одоо манай салбарын зарим хүмүүс харьяалах байгууллага байхгүй зөвхөн багт л харьяалагдаж байна. Манай салбарын зарим хүмүүс ойн медаль ч үгүй л хоцорсонд харамсдаг.


-Таныг ажиллаж байх үед “Үйлчлэх товчоо” нэртэй байгууллага байсан гэдэг. Нийтийн аж ахуйн үйлчилгээний эхлэл байжээ. Тухайн үеийн байгууллагынхаа талаар дурдах уу?

-Тэр үед Нийтийн ахуйн үйлчилгээ гэж байсангүй. “Үйлчлэх товчоо” нэртэй байлаа. Үүнд зочид буудал, усны тэрэг, уурын зуухны галч нарын ажлыг нийлүүлээд "Үйлчлэх товчоо" гэсэн бүтэц буй болгосон. Дараа нь үсчдийг оёдол, гутал засвартай  нь нийлүүлсэн. Удалгүй сантехниктэй нийлүүлээд нийтийн ахуй үйлчилгээ болгосон түүхтэй.


-Тэр  цаг үеийн тухай дурсвал?

-1960-аад оны дунд үед нийгэм даяар соёлын шинэ өөрчлөлт эхэлж байсан. Шинэ санаа тэргүүн туршлагыг хэрэгжүүлнэ гээд л зорилт тавьчихсан. Тухайлбал, хөдөөний сумдын буудлын эрхлэгч нарыг үсчин болгоно гэх жишээтэй.


-Соёлын довтолгооны үйл явц ид өрнөж байж дээ?

-Тийм ээ. Сумдаар соёл, урлагийн байгууллагууд соёл түгээхээр их явдаг байлаа. Бид ч ачааны машины тэвш дээр гарч суугаад л сумд руу давхичихна. Аймгийнхаа сумдыг хэдэн ч удаа тойрсныг мэдэхгүй. Суманд очоод л оёдол оёх, гутал засах, үс засах гээд л бид өөр өөрсдийнхөө ажлыг хийнэ. Хамгийн сүүлд л бидний ажил дуусна. Учир нь хүмүүс үсээ засуулахаар дугаарладаг байсан юм. Нөгөө талдаа бидний үйлс соёл түгээсэн ажил байлаа. Сүүлийн үед нэлээд соёлжоод бүхээгтэй машинд сууж явдаг болсон. Мөн хилийн заставууд, отрядаар явдаг байлаа.


-Төр засгаас ажил сайжруулах, шахалт шаардлага ч их тавьдаг байсан уу?


-Тэгэлгүй яахав. Сайншандад гэхэд л Ар, Өвөр шандад ганцхан үсчний газартай. Тэнд дөрвөн үсчин ажилладаг байсан. Дөрвөн үсчин хоёр хуваагдан ээлжээр 6.00-23.00 цаг хүртэл ажиллана. Цаг нарийн бүртгэдэг төдийгүй ажлаасаа хожигдвол загнаж шаардлага тавьдаг, шийтгэдэг байлаа. Тэр үеийн дарга нар зарчимч, шаардлага өндөр байв. Тухайлбал, Сайншанд хотын захиргааны дарга Зулын Ваанчиг гэж зарчимч, шаардлага их тавьдаг хүн байв. Үсчний газрууд цагтаа ажиллаж байна уу үгүй гээд өглөө эрт ирээд ажил шалгана. Таван минут хоцроход л загнах нь энүүхэнд.


-Тэр үед үс засах тоног төхөөрөмж ховор байв уу?

-Эхний үед хайч, сам хоёроос өөр юм байгаагүй дээ. Оросод үйлдвэрлэсэн гар машинтай болсон. Мөн сахлын хутга нэвтэрч, дараа нь тонгорог, үсний цахилгаан машиныг Германаас авч хэрэглэж эхэлсэн. Герман машиныг таван жил ашиглах ёстой. Тэгээд л нөгөө машинаа бараг хүнд өгөх нь бүү хэл  өөрөөсөө ч харамлах нь энүүхэнд. Нэг хар будаг, цэнхэр туяатай будгаас өөр зүйл байсангүй. Хожим үсний өнгийг өөр болгодог будаг нэвтэрч байлаа.

Одоо хүний үсний хэлбэр, өнгө төрхийг хүссэнээрээ өөрчлөх боломжтой боллоо. Үс засах машин тоног төхөөрөмжийг ч хэдэн янзаараа үйлдвэрлэж хэрэглээнд нэвтэрлээ. Хуучнаар "Алтанговь" зочид буудалд очоод л  үс засна. Тэнд сумдаас ирсэн зочид төлөөлөгчид хэдэн өдрөөр хуралдана. Бид хонон өнжин ажиллана. Хуучин плитка авчирч цахилгаанд залгаад дээр нь хайч тавьж халаагаад үс буржийлгана. Одоогийнхоор бол гоёлын үс юм даа.  Гарахааргүй ороож өгөөрэй гээд л нөгөө хүмүүс тоглоом наргиа хийнэ.


-Дуудлагаар очиж үс засах тохиолдол гарна биз?

-Тийм тохиолдол гаралгүй яахав. Аймгийн дарга Гомбожав, Намын хорооны дарга Намжил гээд дарга нар өрөөндөө дуудуулж үсээ засуулах үе байсан шүү. Мэргэжлийн онцлог, дээрээс нь төрийн ажил гэж бодож очоод л үс засна.




-Залуудаа Та гадаадын орноор явж туршлага судалж байсан гэдэг. Ямар орноор явж байв?

-Би 1973 онд Германд гурван сар гаруй хугацаанд аялж байлаа. Тэр үед ажилдаа амжилт гаргаж мэргэжилдээ эзэн болсон хүмүүсийг гадаадад аялуулан туршлага судлуулдаг байв. Монголоос хамгийн анхны 20 үсчин гадаадад туршлага судлуулахад би аймгаасаа ганцаараа төлөөлөөд явах сайхан боломж тохиосон. Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь  зэрэг аймгаас үсчид мэргэжил дээшлүүлж байлаа. Тухайн үед мэргэжил дээшлүүлэх курс гэж нэрлэгддэг байсан. Бид Германы Карл Маркс хотод очиж эхлээд онол заалгаад, дараа нь шалгалт өгсөн. Мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан.

Тодорхой хугацаанд сураад шалгалтаа онц өгсөн нь миний амьдралд тохиолдсон баяртай үйл явдлын нэг байлаа.


-Гадаадын хүмүүсийн соёл, үг яриа ямархуу санагдаж байв?

-Германчууд маш их соёлтой, хоорондоо нэг нэгнээ хүндэтгэж харьцана. Долоо хоног болоход стипент өгнө. Зарим үйлчлүүлэгч нар баярласнаа илэрхийлж мөнгө ч өгөх тохиолдол байдаг. Бид Монголоос гараад Орост очиход их л соёлтой хөгжилтэй газар байсан хэдий ч  Германд гурван сар болоод буцахдаа Орос орноор дайрахад оросуудын харьцаа хандлага бүдүүлэг санагдаж байлаа. Жишээ нь оросууд тамхи, чүдэнз байна уу гээд л асууж байх шиг. Манай монголчууд мэндлэхдээ бүр тааруу. Германчууд ажилдаа ирэх, буцах үе болгондоо баярлалаа, баяртай гэж хэлэх нь  түгээмэл.


-Таны үеийн ажиллах нөхцөлийг одоогийнхтой харьцуулбал?

-Бидний үеийг одоогийнхтой харьцуулахын аргагүй сайхан хөгжиж байна. Үс засдаг, хэлбэрийг нь янзалдаг, хээ гаргадаг, шингэлдэг гээд олон төрлийн машин, цахилгаан тоног төхөөрөмж бий болчихлоо.


-Ажил хийж байх үед гэнэтийн санаадгүй хөгжилтэй үйл явдал өрнөх нь бий. Үсчдийн дунд ч бас сонирхолтой үйл явдлууд олон тохиолддог байх?

-Ажил хийж байх үед хөгжилтэй зүйл гаралгүй дээ. Цахилгаан машинаар хүний үс захалж байгаад чихнийх нь хавьд зүсчихсэн. Хүүе юу болов гэтэл “Өө зүгээр зүгээр цаас наагаад явуулчихсан” гэж инээдэм болж байсан. Дээхнэ үед үсчид хүний чих хайчилчих гээд байсан. Манай дагалдан шавь маань намайг хоол идчихээд ирэх хооронд хүний чихний омгийн хэсгийг хайчилчихаад сууж байж билээ. Шавь маань “Багшаа хүний чих хайчилчихлаа” гээд сандраад байхаар нь жаахан перц аваад чихэнд нь наахад цус нь тогтож байсан. Харин миний хувьд хүний чих хайчилж байгаагүй.


-Хуучин нийгмийн үед авсан цалин амьдралд хүрэлцдэг байв уу?

-Таван жилийн ажлыг хоёр жилд хийнэ гээд л зорилт тавьчихсан. Их л шаардлага хатуу чанга байсан санагддаг. Би 200 төгрөгийн цалин авахад амьдралд болж байсан. Цалин хэзээ буух вэ гэж асуудаггүй байлаа. Одоо мөнгө олоод олоод амьдрал хүрэхгүй байна гэцгээх.


-Үсчний мэргэжлийн онцлогийг Та хэрхэн тодорхойлох вэ?


Үсчин бол халаас хоосон байх мэргэжил биш. Нэг хүний үсийг сайн засахад тэр хүн дахиад л хүрээд ирдэг. Нөгөө талаар хүний тэргүүнд хүрч тухайн хүний нүүр царай төрхийг өнгөлөг байлгахад ажлаа зориулсан сайхан мэргэжил. Хэн нэгэн хамгийн түрүүнд хүний үсийг хардаг. Үсчин хүн хүнийг залуу сайхан харагдуулдаг, хүний царай төрхийг ч  өөрчилж чаддаг сайхан мэргэжил. Германд жишээ нь, дээд сургууль төгссөн хүмүүсийг үсчин болгохоор шалгаж авдаг. Биеийн хөгжил, ухааныг нь шалгаж авдаг юм билээ.


Манай улсад дээхнэ үед  дагалдангаар 45 хоног сургаад үсчин болгодог байлаа. Одоо цагт үсчний дамжаанд сураад мэргэжил эзэмшиж байна. Эмэгтэйчүүдийн үсийг засахаас эрэгтэйг засахад илүү амар. Нэг эмэгтэй хүний гоёлын үсийг засах хугацаанд бараг 4-5 эрэгтэй хүний үсийг засчихна. Эмэгтэй хүний үсийг засна гэдэг будна, тайрна, буржийлгана,  шингэлнэ гээд ажил ихтэй. Химийн бодис орсон будаг байнга хэрэглээд ирэхлээр сүүлдээ биед харшил өгөх нь энүүхэнд. Сүүлийн үед төрөл бүрийн үсний будаг, өнгө засах зүйлүүд бэлэн боллоо.


-Үс засахад заавал ингэж засна гэсэн нарийн зарчим байдаг уу,  ажилдаа баримталдаг хамгийн чухал зүйл юу вэ?

-Цаг л баримталдаг. Хүний нүүр царайнд тохируулж үс засахыг хичээдэг. Үйлчлүүлэгчтэйгээ харилцан ярилцаж зөвлөж, толиндоо харуулж ойлгуулж байж үсээ засах нь илүү үр дүнтэй. Цаана нь оюун ухаанаа ажиллуулна гэсэн үг.     

Нөгөө талаар заавал ингэнэ, тэгнэ гэсэн зарчим байхгүй. Гэхдээ өөрөө санаачилгатай байж, үйлчлүүлэгчийнхээ үсний хэв шинж, байдлыг ажиглаж засах нь илүү үр дүнтэй. Үүнийг ч шавь нартаа захидаг.


-Таныг одоо ч гэсэн  мэргэжлээрээ ажилладаг гэж сонссон?

-Олон жил үсээ засуулсан хүмүүс одоо ч үсээ засуулахаар хүрээд ирдэг. “Та гэртээ байна уу гээд л утсаар асууна. Байна аа гэхэд хүрээд ирдэг. Тийм болохоор би гэрийнхээ үүдний хэсэгт мөн л ширээ, сандал тавиад үс засч л сууна.


-Шавь нарынхаа тухай дурсвал?


-Бараг 100 гаруй шавь байгаа байх аа. Эхнээсээ тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Олон шавь нараа нэг дор дурсаж чадахгүйд уучилна байх аа. Шавь нараас минь сүүлийн үед сайн ажиллаж байгаа хүмүүс байна. Жишээ нь “Туяа” салоныг ажиллуулж байгаа Туяажаргал, Даваасүрэн, Нинжгарав, бас Мөнгөнөө, миний хүү Ч.Ганбат гээд сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Замын-Үүдэд хоёр ч шавь байна. Даваасүрэн маань Эрээн хотод хүртэл очиж үс засдаг гэсэн.


Хамтраад таны нэр дээр салон ажилуулъя гээд Туяа маань гүйгээд ирсэн. Одоо миний хувьд болсоон, та нар залуу хүмүүс өөрсдөө  хийгээд яваарай гэж хэлсэн. 


Заримынх нь ажил дээр очоод болж бүтэхгүй байгаа зүйлийг нь хэлж яриад зөвлөөд ч өгөх нь бий. Тэднийхээ ажил үйлс нь өөдөө, дэвжин дээшилж явааг харахад сайхан санагддаг.


-Хүүхдүүдээс  нь таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Би хоёр хүү, хоёр охинтой. Хүүгээ 1990 онд үсчин болгож байлаа. Одоо 30 гаруй жил ажиллаж байна. Олон түмэн одоог хүртэл үсээ засуулдаг болохоор муугүй үсчин болжээ гэж баярладаг. Ээжийгээ дуурайгаад 80 нас хүртлээ үс засах байлгүй гэж боддог.   


-Одоогийн нийтийн үйлчилгээний газруудын цаг баримтлах нөхцөл, үйлчилгээний соёлын талаар Та ямар бодолтой байдаг вэ?

-Зах зээлийн нийгэм эхэлснээс хойш хүн бүхэн эрх чөлөөтэй болж хүссэнээ хийдэг болсон. Эрх чөлөө нь хэтэрчихсэн юм биш байгаа гэж боддог. Нийтийн үйлчилгээний газрууд өглөө эрт ажиллахгүй байна. Залуус хүний үг авах нь хомс болчихсон юм уу даа. Эрт ажиллавал илүү л орлого, илүү боломжийг өөртөө нээнэ. Дээхнэ үед бараа ховор, дэлгүүрийн гадаа дугаарлаж зогсдог байлаа. Одоо бүх юм элбэг болчихоор зарим нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, залхуурах хандлага гарч байна уу даа гэж бодох юм.  

-Ярилцсан танд баярлалаа.

Related news