Хангайн сумдаас самар түүж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумаас самар түүж бэлтгэхийг Байгаль орчны яам зөвшөөрсөн байна.
Өндөрхангай сумаас үйлдвэрлэлийн зориулалтаар, харин нөгөө хоёр сумаас нь ахуйн зориулалтаар самар бэлтгэх аж. Өмнө нь 10-р сарын 10-аас самар түүхийг зөвшөөрдөг байсан бол энэ жил цаг агаар таатай байж самарын болц эрт гүйцсэн тул 9-р сарын 10-аас ирэх жилийн 3-р сар хүртэл түүж ашиглахыг зөвшөөрсөн байна. Энэ дагуу тус сумдын ЗДТГ-аас ойн дагалдах баялаг ашиглах эрхийн бичгийг иргэд, аж ахуйн нэгжид олгож эхлэжээ.
“Иргэдэд ахуйн зориулалтаар 1 кг самарыг 500 төгрөгөөр, үйлдвэрийн зориулалтаар бол 800 төгрөгөөр түүж бэлтгэх зөвшөөрөл олгож байгаа. Аймгийн БОАЖГ-ын болон МХГ-ын байгаль орчны байцаагч нар энэ сарын 12-аас эхлэн самар түүж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна” хэмээн аймгийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Энхтуяа манайд мэдээллээ.
Ой хээрийн түймрээс болгоомжлох, хуш модыг гэмтээхгүй байх тал дээр мэргэжлийн байгууллагынхан анхаарч, иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна.
Увс аймаг Б.Батхүү