ХӨВСГӨЛ: Бөлбөө цэцгийг жуулчид их сонирхож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-26 10:10:37

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгийн нуурт ургадаг Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг.  Тус цэцгийг гадаад, дотоодын жуулчид ихээхэн сонирхож зорьж очиж үзэж байна.

 

Рэнчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм.

 Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийн дулаарлаас болж усны түвшин багасаж  байгаа гэнэ.

Бөлбөө цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг.

Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг юм байна.

Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг  үзэсгэлэнтэй байдаг.

Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг ажээ.

 

 

Related news