“Дундговь Түншлэл”- д хонины махан бүтээгдэхүүн оролцуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-14 13:39:02

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбож, худалдааны түншлэл тогтоох, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нь хэрэгчлэгчдэд сурталчлах зорилгоор “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдааг  12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23- 24- ны өдөр Мандалговь хотод болно.

Дундговь аймгийн зүүн талын 5 сумын нутагт хонины гоц халдварт цэцэг өвчин гарч,хонин сүргийг вакцинжуулалтад хамруулсан, одоо Сайнцагаан сумын Үйзэн багийн нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаатай холбогдуулан хонины махан бүтээгдэхүүнийг энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд авчрахгүй байхыг зохион байгуулагчид малчдад сануулж байгаа ажээ. Мөн гойд ашигт шимт малын худалдааг энэ удаа өнжих юм байна.

Энэ жилийн “Дундговь Түншлэл”- ээс орон нутгийн түүхий эдийн нөөцийг ашиглан зах зээлд үнэлэгдэхүйц, бусдаас онцлог хийц, чанартай үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг 11 төрлөөр шалгаруулж, Дундговь аймгийн брэндийг тодруулна.

Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ-тай хамтран ХХАА-н  газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Малчдын “Баянцагаан” холбоо, Ажил олгогч эздийн салбар зөвлөл, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар зохион байгуулах бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг энэ долоо хоногт бүртгэх ажээ.

Т. Отгонтуяа

Related news