Хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэгт оруулсныг мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-10 10:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын өнөөдрийн үндсэн илтгэлийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тавилаа. 


Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжтой салбаруудыг эрэмблэн дурдсан юм.


Эхлээд тэрбээр, эрчим хүч, дэд бүтцийн салбаруудыг дурдаад, мөн Монгол Улсын ХАА-н салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, сонирхох боломжтой шинэ салбар гэдгийг тодотгон хэлсэн юм. “Тиймээс бид энэ салбарын бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцсэн байдлаар үйлдвэрлэн нийлүүлэх учиртай”- гэв.


Дараагийн салбар бол уул уурхай, эрдэс баялаг гэдгийг тэрбээр илтгэлдээ дурдаж, энэ салбарт анхан шатны боловсруулалт хийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зорьж байна гэв. Үүнд:

  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр,
  • Нүүрс баяжуулах үйлдвэр,
  • Газрын тос боловсруулах үйлдвэр, (одоо баригдаж байгаа),
  • Гангийн болон ураны чиглэлээр хөрөнгө оруулалт татах хэмжээнд үйл явц өрнөж буйг дурдлаа.

Уул уурхай бол монголчуудын хувьд, Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг салбар хэвээрээ, үүн дээрээ боловсруулах чиглэлийг барьж бодлого цааш үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.


Монгол Улсын Шадар сайд илтгэлдээ, Хөрөнгө оруулалтын хуулийн талаар оролцогч нарт товч танилцуулсан юм. “Бид энд ААН байгуулахад тавьдаг өндөр босго хэмжээ, төрөөс шаарддаг бичиг цаасны илүү зүйл, давхардал зэрэг хөрөнгө оруулалтыг хязгаарласан олон зүйл заалт бүхий зохицуулалтыг өөрчилж байгаа” гэв. Хөрөнгө оруулагч нар өөрсдийн өмнө тулгарч буй, тулгамдаж буй, эрх зөрчигдсөн асуудлаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Зөвлөлд хандах боломжтой болсныг мэдэгдлээ. Хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэгт оруулж өгчээ. Мөн арбитраар асуудлаа шийдүүлэх байдал нээлттэй болж, бүх боломжийг хуульд тусгасан гэв.


Хоёрт, хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх тогтолцооны хувьд энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар өөр дээрээ ярилцаж энэ талаар холбогдох яам, агентлагийн удирдлагуудад үүрэг өгч, анхаарч авч үздэг болсныг мэдэгдлээ. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, эхний хэлэлцүүлгийг хийн, Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжигдсэнийг мэдээллээ.

Related news