ХЭНТИЙ: Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг нийт 11 удаа явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-05 10:38:06
Чингис /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Нарангэрэлээс энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал болон цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хэрхэн явуулж буй талаар тодрууллаа.

Энэ сард нутгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджийн орчим, төв болон хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байна. Харин энэ сарын 6, 7-ноос нийт нутгаар үргэлжилсэн бороотой байх аж. Мөн энэ сарын 3, 4-нийг шилжих шөнө нутгийн хойд хэсгээр нэлээн хур тунадас орох төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчдийг гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Харин тус төвөөс энэ оны гуравдугаар сараас эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулсан байна. Тодруулбал, нийт долоон удаагийн гаралтаар хоёр экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг нийт 11 удаа явуулжээ. Уг үйл ажиллагааг явуулахад аймаг, орон нутгийн зүгээс урсгал зардалд жил бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Одоогийн байдлаар аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд хоёр удаагийн гаралтад ашиглах бууны нөөцтэй байна. Улсын хэмжээнд нөөц тасраад байгаа бөгөөд үндэсний их баяр наадмын дараагаар пуужингийн татан авалт хийх аж.
Related news