Ж.Дэлгэржаргал: Түншлэлийн хуулийг олон улсын жишигт нийцүүлэн гаргаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг 4
жилийн хугацаанд
хэрэгжүүлээд дуусаж байна.
Төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн удирдлага, ил тод
байдал, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилготой уг төслийг Европын холбооны
санхүүжилтээр Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлсэн юм.
Засаглалын үйл ажиллагааг сайжруулах нэг хэлбэр нь Төр-хувийн хэвшлийн түншлэл юм гэдгийг Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Дэлгэржаргал төслийн хаалтын ажиллагаан дээр цохон тэмдэглэсэн юм. Тэрбээр, Түншлэлийн тухай хууль засаглалтай шууд холбоотойг хэлээд Засгийн газраас энэ талын хуулийг боловсруулан батлуулж, ирэх 7 дугаар сарын 1-нээс хэрэгжих гэж буйг мэдээлсэн юм.
Түүнээс Түншлэлийн хууль олон улсын түншлэлийн зарчмын жишигт хэр нийцэж буйг тодруулбал, “Олон улсын жишигт нийцсэн байдлаар нь авч үзэхэд, бид Хууль тогтоомжийн хуулиараа Түншлэлийн шинэ хууль боловсруулахад тавигдаж буй хэд хэдэн шаардлагыг хангасан. Үүнд, нэгд, өмнөх Концессын хуулиас үлсдэн сургамжийг судалсан. Хоёрт, эрх зүйн системтэй ижил төрлийн улс оронд хөгжиж буй судалгааг харьцуулан авч үзсэн” гэв.
Мөн НҮБ-ын Эрх зүйн худалдааны комиссоос 2019 онд гаргасан жишиг хуулийг баримтлаж байгааг тэрбээр хэллээ. НҮБ-аас Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг шинээр гаргах, шинэчлэн сайжруулахдаа энэхүү хуулийг жишиг болгож аваарай гэдгийг гишүүн орнууддаа уриалдаг юм байна. “Тиймээс бид тэр жишиг хуулийг дотооддоо хийсэн судалгааг зэрэгцүүлэн тавьж байгаад, энэ дундаасаа Монголд одоогийн нөхцөл байдал, өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, тогтолцоонд хамгийн амжилттай хэрэгжих боломжтой, оновчтой хувилбарыг гаргаж авч байна” гэлээ.
Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд дараах үр
дүнгүүд гарсан хэмээн төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогч нар үзэж
байгаагаа илэрхийлсэн юм.
Үүнд:
- Төсвийн орлого бүрдүүлэлтээс эхлээд төсвийн хуваарилалтыг хянаж, тайлагнах хүртэлх төрөөс зарцуулах
хөрөнгийн цогц зохицуулалт бүхий Төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог
хөгжүүлж, нэвтрүүлж эхэлсэн.
- Сангийн яам төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоог
төлөвшүүлэх зорилгоор Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги,
төлөвлөгөө (2018-2022)-г батлан хэрэгжүүлж,
дараагийн 4
жилийн стратегийг тодорхойлох ажлыг
эхлүүлээд байна.
- Дэлхийн банкнаас Монгол Улсын Төсвийн зарлага ба санхүүгийн
хариуцлага (PEFA)-тай байдлын хоёр дахь үнэлгээг Монгол Улсад Засаглалыг
бэхжүүлэх төслийн хүрээнд 2021 онд хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээний тайланд
дурдсанаар нийт 28 үзүүлэлтээс 12 үзүүлэлтийн оноо дээшилжээ.
- Засгийн
газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогын хүрээнд сүүлийн үеийн
технологийн боломжуудыг ашиглан Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчлэн
хөгжүүлж, 2023 оны санхүүгийн жилээс эхлэн шинэ системийг нэвтрүүлээд
байна.
- Төрийн сан цахим хэлбэрт шилжээд байна.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсан.