Эрх нь сэргээгдсэн 15 нэр дэвшигч дахин сонгуульд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-12 00:03:49

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх сарын 19-нд болохтой холбогдуулж Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор аймгийн сонгуулийн хороог шинээр байгуулан сонгуулийн хугацааны цаглабарын дагуу ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн зургадугаар сард болсон ээлжит сонгуулиар аймгийн Сонгуулийн хороо сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчиж 15 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж нэрсийн жагсаалтаас хассан тогтоолыг гаргаж байсан.

Уг тогтоол шийдвэрийг холбогдох хууль тогтоомж болон иргэдийн сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж дээрх нэр бүхий 15 нэр дэвшигч нь хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Энэ асуудал Анхан болон Давж заалдах шатны шүүх, Дээд шатны шүүх зэрэг гурван шатны шүүхээс 15 нэр дэвшигчийн талд эцэслэн шийдвэрлэсэн. СЕХ-ноос энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж аймгийн Сонгуулийн өмнөх хороог татан буулгажээ. Энэ дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 68 дугаар тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог шинээр байгуулснаар Сонгуулийн хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуулийн дагуу ажлаа явуулж байна.

Сумдын ИТХ-ын ээлжит сонгууль аймгийн хэмжээнд 20-н тойрогтойгоор явагдахаар болжээ. Харин шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн ИТХ-ын 2016 оны Сонгуулийн дүнг албан ёсоор хүчингүй болгож Дархан сумын 3, 14, 15, 9, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойргуудад явагдах дахин сонгуулийг сумдын сонгуультай хамтатган зохион байгуулахаар тогтоол гаргажээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news