Р.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-04 09:00:09

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслол бямба гарагт Анкара хот дахь тус улсын парламентын ордонд боллоо. 


Ийнхүү тэрбээр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орж байна. 


Парламентын даргын үүргийг түр гүйцэтгэж буй Девлет Бахчели ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг гэрчлэх баримт бичгийг Р.Эрдоганд гардуулж, дараа нь тэрбээр Туркийн ард түмэнд тангараг өргөв.


Тангараг өргөх ёслолд дэлхийн 78 орны төлөөлөгчид, тэр дундаа төр, засгийн 20 гаруй тэргүүн оролцжээ. Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2028 он хүртэл үргэлжилнэ.


Бямба гаргийн орой Р.Эрдоган мөн сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцуулсан байна.


Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн дүнгээр 52.18 хувийн санал авсан юм. Эхний санал хураалт тавдугаар сарын 14-нд болсон бөгөөд түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний төлөөлөгч Кемал Кылычдароглу байв.


Related news