Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ газардуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-29 16:31:41

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс 2030 он гэхэд Саран дээр сансрын нисгэгчдээ газардуулахаар төлөвлөж байгааг тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSAөнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэв.


Уг газрын дэд дарга Линь Сичяны мэдэгдсэнээр, тус улс Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийнхөө Саран дээр газардах үе шатыг саяхан эхлүүлсэн байна.


“Энэхүү хөтөлбөрийн ерөнхий зорилго бол 2030 он гэхэд Хятад улс Саран дээр анх удаа сансрын нисгэгчдээ буулгаж, шинжлэх ухааны судалгаа болон холбогдох технологийн туршилтуудыг хийх явдал юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Түүний ярьснаар, ерөнхий зорилгод мөн Дэлхий, Сар хоёрын хооронд жолоодлогот хөлгөөр аялах, Сарны гадаргуу дээр богино хугацаанд оршин суух, хүн-роботын хамтарсан судалгаа хийх, түүнчлэн газардах, нисэх, дээж авах, судалгаа хийх зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гол технологиудыг эзэмших явдал багтах ажээ.


Саран дээр сансрын нисгэгчээ буулгах Хятадын хөтөлбөр нь Дэлхий орчмын сансрын орон зайгаас эхлээд сансар огторгуйн гүн рүү жолоодлогот нислэг үйлдэх технологийн үсрэнгүй хөгжлийг ахиулж, Сар, Нарны аймгийн үүсэл, хувьслын талаарх хүн төрөлхтний ойлголтыг гүнзгийрүүлж, Сарны шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулна гэж тэрбээр онцолсон байна.


“CMSA” нь зорилгодоо хүрэхийн тулд шинэ үеийн “Long March-10” пуужингийн судалгаа, хөгжүүлэлт, шинэ үеийн сансрын жолоодлогот хөлөг, Саран дээр буугч болон Саран дээр буух хувцас, түүнчлэн шинэ хөөргөх талбай, байгууламж, тоног төхөөрөмжийг барьж, турших зэрэг олон төрлийн судалгааг хийх ажээ.

Related news