АНУ-ын өрийн дээд хязгаарыг өсгөх талаар зарчмын тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-28 14:38:20

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар дефолт зарлахаас зайлсхийхийн тулд улсын өрийн таазыг өндөрсгөх талаар “зарчмын тохиролцоонд” бямба гарагт хүрчээ.


“Ийнхүү тохиролцоонд хүрсэн нь чухал алхам бөгөөд буулт хийснийг илтгэн харуулж байна. Маргааш хэлэлцээний багууд хууль тогтоомжийн эх бичвэрийг эцэслэн боловсруулж, Төлөөлөгчдийн болон Сенатын танхим руу явуулна” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.


Төлөөлөгчдийн танхимын дарга К.Маккарти мөн энэ тухай нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, өрийн таазыг өндөрсгөх тухай хуулийн эх бичвэрийг ням гарагт хууль тогтоогчдод танилцуулж, Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал хураана гэжээ.


Конгресс ирэх зургаадугаар сарын 5-ны өдөр гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүйд хүрнэ гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен баасан гарагт анхааруулаад байсан билээ. 

Related news