“Art Fair-2023" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-24 19:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй “Art Fair-2023" дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо" төвд өнөөдөр нээлээ.


Жил бүрийн 5 дугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан бөгөөд энэхүү дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг Монголд анх удаа зохион байгуулж байна. Дэлхийн хотуудын урлагийн долоо хоног буюу Арт вийк”-ийн хүрээнд урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд “Art Fair-2023"  буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг улс нийтийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.


Нээлтийн үеэр МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат хэлэхдээ, "Энэхүү үзэсгэлэн худалдааг соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчдийн болон салбар холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, урлагийн боловсрол олгох зорилгоор Монголд анх удаа зохион байгуулж байна. Сургуулиа дөнгөж төгссөн уран бүтээлч залуус том үзэсгэлэн, гадаадын биеннальд оролцож чаддаггүй. Тиймээс дүрслэх урлагийн энэхүү үзэсгэлэн худалдаагаар дамжуулан залуу уран бүтээлчид өөрийгөө нээх, таниулах, сурталчлах боломж нээгдэж байна. Уран бүтээлчдийн урлангаар хүмүүс тэр бүр зочлон, үүдийг нь тогшин орж чаддаггүй. Тиймээс уран зураг сонирхогч, цуглуулагч, үзэгчдэд “нээлттэй урлан” гэж хэлж болох үзэсгэлэн худалдааг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм" гэв.


Энэхүү үзэсгэлэн худалдаа 2200 ам метр талбайд МУЭ болон бие даан үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, дүрслэх урлагийн 3 сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн салбарын 1000 гаруй уран бүтээл дэлгэжээЭнэхүү үзэсгэлэн худалдааны үеэр нийтийн дүрслэх урлаг, гоо зүйн боловсролд зориулсан хөрөг, натур, натюрморт, керамик болон воркшоп, кино, гэрэл болон шог зургийн өдөрлөгийг өдөр бүр зохион байгуулах юм.

Уран бүтээлчдийн бүтээлийг нэг дороос үзэх, уран бүтээлчтэй нь уулзаж ярилцах, зураг худалдан авах боломжтой эл үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

 















Related news