Эверестээс эртний далайн гүний махчин амьтны үлдэгдэл олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-23 14:17:50

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Сээр нуруутны палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн судлаачид 215-212 сая жилийн өмнө амьдарч байсан эртний далай тэнгисийн гүний махчин амьтны үлдэгдлийг Төвөдийн автономит дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ. 


Уг олдворыг Хималайн нурууны Жомолунгма (Эверест) ноён оргилын уулчдын кэмпээс 100 км зайтай, далайн түвшнээс дээш 4 мянган метр өндөр газраас олсон байна. Хэдэн сая жилийн өмнөх дэлхийн царцдасын тектоник хавтангийн хөдөлгөөний үр дүнд далайн гүнээс дээш өргөгдөж, өдгөө өндөр уул болсон газраас  уг чулуужсан үлдэгдлүүд олджээ.  


Энэ амьтан нь урт хошуутай, хурц шүдтэй,  бие нь 10 гаруй метр урт бөгөөд гол төлөв загас, сээр нуруугүй амьтдаар хооллодог байсан аж. Сээр нуруу, хавиргууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн тул ихээхэн үнэ цэнтэй ховор олдворт тооцогдож байгааг судлаачид онцолж байна.

Related news