ХӨВСГӨЛ: Хоймор нутгийн “Өв уламжлагч гэр бүл”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-15 16:07:39

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Тосонцэнгэл сумын иргэн Х.Үүрцайхын гэр бүлийг  Хоймор нутгийн шилдэг “Өв уламжлагч гэр бүл”-ээр шалгаруулжээ.  

Х.Үүрцайх нь эхнэр 2 охины хамт Тосонцэнгэл суманд амьдардаг. Жолооч мэргэжилтэй. Оюутолгой компанид уурхайн жолооч ажилтай. Эхнэр Л.Ууганжаргал нь англи хэлний багш мэргэжилтэй. Боловсролын салбарт тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. Том охин Ү.Энхжин Тосонцэнгэл ЕБС-ийн 12Б ангид суралцдаг бол бага охин Ү.Эмүжин 3-р ангид тус тус суралцдаг.


2017 оноос хойш үндэсний бичгийн “Бийрийн жим” дугуйланг гэр бүлээрээ хамтран аймгийнхаа Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Тосонцэнгэл 4 суманд хичээллүүлж нийт 10 гаруй сургалтыг мэргэжлийн багш, төрийн албан хаагчид, сурагчдад амжилттай зохион байгуулсан.

Х.Үүрцайхын гэр бүл монгол бичгийн 4 удаагийн бие даасан үзэсгэлэнгээ аймаг, улсдаа гаргаж, үндэсний бичгийн бийрэн, эвхмэл, угалзан, үзгэн, хулсан үзгийн бичвэр болох нийт 250 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.

Нийт 150 гаруй суралцагчид бийрийн бичвэрийн сургалтаа зохион байгуулж, Цагааннуур сумын монгол бичгийн кабинетын тохижилтод тусалж, аймгийнхаа сумдад 10 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж, эх хэл, бичиг соёлоо сурталчлан, түгээн дэлгэрүүлж байна.

Х.Үүрцайхын гэр бүл нь “Оюуны шигтгээ” үндэсний бичиг сурах гарын авлагыг гаргаж хэвлүүлэн, олон нийтэд түгээжээ.

Эхнэр Л.Ууганжаргалын 2022 онд гаргасан амжилтаас товч дурдвал  “Мөнх тэнгэрийн бичиг -2022” улсын уралдааны уран бичлэгийн уралдаанд тусгай байр, “Төрөлх монгол хэл-2022” улсын уралдаанд дэд байр, “Миний монгол бичиг-2022” улсын уралдаанд тусгай байр эзэлжээ.


Том охин Ү.Энхжин “Сүегэр-2022” улсын уралдаанд уран бичлэгийн ангилалд тэргүүн байр, “Монголын сайхан бичигтэн-2022” улсын 25-р уралдаанд сурагчдын ангилалд тэргүүн байр, “Мөнх тэнгэрийн бичиг-2022” улсын уралдааны сурагчдын ангилалд гутгаар байр, “Төрөлх монгол хэл-2022” улсын уралдаанд дэд байр, 2022 онд “Хичээнгүй бичигтэн”-2022 улсын уралдааны тэргүүн байр, “Үсэг урлалд амилахуй-2022” улсын уралдаанд тэргүүн байр, “Ирээдүйн эзэд-2022” уралдаанд дэд байр эзэлжээ.


Бага охин Ү.Эмүжин “Монголын сайхан бичигтэн-25” улсын уралдааны тэргүүн байр, 2022 онд Төв номын сангийн үндэсний бичгээр “Хүндэт уншигч” улсын уралдаанд шагналт байр, "Сүегэр-2022" улсын уралдааны шилдэг оролцогч, 2022 онд “Цэнгэг ус” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан амжилтуудыг гаргасан байна.

  

 

Related news