Үндэсний спортын арбитрын холбоо МҮБХ-той хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-12 11:50:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарлан хэрэгжүүлж эхэлж буй “Шүгэл” ажиллагааны хүрээнд ХЗДХЯ-нд өнөөдөр "Допинг ба спортын авлига" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.


Хэлэлцүүлгийг ЦХХХЯ, МҮОХ, АТГ, Монголын Үндэсний допингийн байгууллага, МҮБХ, Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбоо зэрэг төрийн болон олон нийтийн байгууллагуудын удирдлага, төлөөллийн, олон талын оролцоотой зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, спортод гарч буй авлигатай холбоотой маргаан, хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрх зүйг боловсронгуй болгох талаар, Монгол Үндэсний допингийн байгууллагын дэд захирал Д.Мөнхболд, допингийн шинжилгээ авах үйл явц, ил тод байдлын талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Хэлэлцүүлгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нээж хэлэхдээ, Засгийн газрын “5Ш” ажиллагааны хүрээнд хоёр төрлийн мэдээлэл олон давтамжтай ирсэн. Нэгдүгээрт, спортын шударга бус өрсөлдөөн буюу хориотой эм бэлдмэлийн хэрэглээ түүнийг хянан шийдвэрлэх үйл явц, шинжилгээ авах нөхцөл байдал нь шударга бус учир тамирчид, иргэд хохирч байна гэсэн.

Хоёрдугаарт, тэмцээн, наадамд даваа өгөх, авах байдлаар авлигатай холбоотой маргаан гарч газар авч байна гэдэг. Энэ бүхэн нь “Шүгэл” ажиллагаатай яагаад хамаарч гэхээр тамирчдын өрсөлдөөн бол спортын асуудал. Энэ үйл ажиллагаанд төрийн байгууллагын оролцоо бий. Төрийн байгууллагаас допингийн шинжилгээ авах зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Энэ мөнгөтэй холбоотой асуудал нь “5Ш” ажиллагаатай холбоотой гэж үзсэн гэдгийг тодотголоо.

Тэрбээр, спортын хүрээний авлига нь төрийн бодлогын хүрээнд яригддаг. Гэмт хэрэгт тооцдог. Үүнийг гэмт хэрэгт тооцох эсэхийг хуулиар баталж, шийдэх ёстой. Авлигатай тэмцэх стратегийг АТГ-ын зүгээс УИХ-д өргөн бариад хэлэлцэж байна. Цаашдаа гэмт хэрэгт тооцохоор санал гаргасан. Спорт үнэн зөв шударга байх нь ирээдүйд шударга нийгмийг төлөвшүүлэх, хүмүүжил олгоход чухал гэдгийг онцолсон юм.


Хэлэлцүүлэгт оролцсон бөхчүүд болон албаны хүмүүсийн яриаг хүргье. Улсын арслан Б.Орхонбаяр, “Төр, засгаас допингт анхаарал хандуулж байгаа нь спортод шударга өрсөлдөөнийг бий болгох нэг алхам. Допингийн талаарх ойлголтыг өнөөдрийн хэлэлцүүлгээс авч байна. Жил бүр наадмын өмнө допингийн төвөөс мэдээлэл өгдөг. Гэхдээ илүү хүртээмжтэй, олон үйл ажиллагаа зохион байгуулж байхыг хүсэж байна” гэв.


Улсын начин Д.Цэрэнтогтох, “Би хоёр удаа шинжилгээ өгч байсан. Допинг гэхээр ганц тариа хийлгээд хүчтэй барилдаад дийлээд байна гэсэн үг биш. Энд олон зүйл нөлөөлдөг. Зүрхний эмнээс хүртэл хориотой бодис илэрч байна. Энэ бүхнийг ялгаж, салгахгүй бол нийтээр нь допинг гэж авч үзээд, зөвхөн үндэсний бөхчүүд л хэрэглэдэг гэсэн буруу ойлголт төрж байна. Хэрэв допинг хэрэглэсэн гэвэл өршөөл байхгүй. Бүгд л шийтгэлээ авах ёстой” гэв.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд, бид допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн БНСУ-ын лабораторитой хамтран ажилдаг. Шинжилгээний явцад тодруулж шинжлэх шаардлагатай зүйл гардаг учир уддаг хэмээн бөхчүүдийн асуултад хариуллаа


Мөн Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбооны ерөнхийлөгч Г.Батзаяа тус холбооны үйл ажиллагааг хэлэлцүүлэгт оролцогч нарт танилцууллаа. Тус холбоо нь Олон улсын спортын арбитрын шүүхээс зөвшөөрсөн, Олон улсын олимпын хорооны зөвшөөрөлтэй, Үндэсний допингийн эсрэг дүрмээр допингтой холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай ажиллаж буй байгууллага юм гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Тус холбоо бөхчүүд, бусад тамирчинтай холбоотой, баяр наадам, уралдаан тэмцээний үеэр гарч буй маргааныг арбитраар шийдүүлж байх талаар МҮБХ-той гэрээ хэлцэлтэй ажиллаж буйг хэллээ. 


Related news