Нүүрсний биржийн цахим худалдаанд IT-ийн компаниуд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-10 12:11:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн биржийн хууль энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүний өмнө нүүрсний биржийн цахим худалдааны үйл ажиллагаанд оролцогч талууд тодорч эхэллээ.


Үүний нэг жишээнд мэдээлэл, технологийн компаниудын нэгдэл “Эрдэнэс Ай Ти консорциум” орж байна. Тэд нүүрсний худалдаан дахь тээвэр логистик, төлбөр тооцоо, IT-ийн модулиудыг нэвтрүүлж хөгжүүлэх зэргээр уул уурхайн салбарт эко системийг бүтцийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. Энэ үүднээс мөн хамтарсан форумыг “Уул уурхайн биржийн үйл ажиллагаанд талуудын оролцоог хангах нь” уриан дор өнөөдөр зохион байгууллаа.


Нүүрсний биржийн цахим худалдаанд оролцох мэдээлэл, технологийн консорциумд Монгол Улсад мэдээлэл технологийн салбарт урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй Itzone”, iTools”, “Gerege systems”, Cody”, Digital Finex”, “Utility solution”, InnoSolution”, Itauco”, “DPS (Digital Payment Solution), “Anicar” зэрэг 11 компани нэгдээд байна. Энэ талаар “Эрдэнэс Ай Ти консорциум”-ын гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхээс тодруулбал, “Өнөөдөр манай улсын уул уурхайн эко системд бүтээгдэхүүний спот, форвард болон фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр логистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлээд буй”-г дуулгалаа. Тэрбээр консорциумын зорилго, уул уурхайн биржийн үйл ажиллагаанд үндэсний, дотоодын IT-ийн компаниуд улсын төсвөөс яман нэгэн санхүүжилт гаргаж татахгүйгээр хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьж байна гэв.


Консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа хэлэхдээ, “Одоогийн явагдаж буй биржийн арилжаанд олон асуудал тулгарч байгаа. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг хангаж, хаана хаанаа нүүрсний худалдаан дахь тээвэр логистик, төлбөр тооцоо, IT-ийн модулиудыг нэвтрүүлэх зэргээр эко системийн бүтцийг бүрдүүлэхэд анхаарч, цааш нь хөгжүүлж ажиллах шаардлагатай. Ингэснээр үндэсний, уул уурхайн эко системийг олон улсад өрсөлдүүлэх боломжтой хэмээн харж байгаа. Энэ зорилгоор өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа”-г тодотгов.


Ингэснээр манай улсад хэдийнэ эхлээд буй нүүрсний биржийн цахим худалдаанд мэдээлэл, технологийн компаниуд болон нүүрс нийлүүлэгч нар, тээвэрлэгчид, логистикийн ААН-үүд өөр өөрийн системээрээ болон IT-ийн компаниудын нэгдлийн системээр оролцох боломж бүрдэж буйг тэрбээр онцолсон юм. Системийн энэ бүтцэд том “тоглогч” компаниудаас гадна жижиг ААН, хувь хүмүүс мэргэжлийн холбоодоор дамжуулан хууль, дүрэм журмын дагуу оролцох нь нээлттэй гэдгийг хэллээ.


Өнөөдрийн "Уул уурхайн эко систем" форумд мөн үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцлоо. Манай улсад уул уурхайн биржийн үйл ажиллагааг нэвтрүүлснээр:

  • Биржийн арилжаа найдвартай, ил тод, хяналттай болох,
  • Итгэмжлэгдсэн лаборатори, агуулах, тээвэрлэгч бий болж,
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагч нар болон хөрөнгө оруулалтын сан, кастодиан, брокер, трейдэрүүд оролцох,
  • Улс, орон нутгийн төсвийн болон татварын орлого нэмэгдэх юм.
Related news