БУЛГАН: Мал эмнэлгийн ариун цэврийн аяныг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-03 10:31:14

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд аймгийн мал эмнэлгийн газар, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран мал эмнэлгийн халдваргүйтгэлийн аян зохион байгуулж байна. Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үхэж хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах, бэлчээр, хашаа хороо, өвөлжөө, хаваржаа болон худаг, уст цэгийн орчныг цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж эхэлжээ. 

Аймгийн дүнгээр тэмээ тав, адуу 2191, үхэр 2237, хонь 18854, ямаа 17264, нийт 40628 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнээс 11537 толгой мал амьтны сэг, зэмийг булж устган, 58 өрхийн хашаа хороо, 39 өрхийн бэлчээрийн талбай, худаг уст цэгийн талбай зэрэг нийт 35,4 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулан нийт 292 өрхийн 7452 үхэр, 71 гахай, нийт 7523 мал, амьтанд вакцин хийжээ. Энэ хавар мал тамирдан доройтож байгаа учир малчид малаа дархлаажуулалтад хамруулахаас зарим тохиолдолд татгалзаж байгаа тухай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Related news