Төр хөрөнгө оруулагчид зөвшөөрлөө өгсөн л бол хянаж, хамгаалдаг байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-02 13:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЗХЯ-наас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нээж хэлэхдээ, хуулийн төслийн гол зорилго нь бид гадаадын хөрөнгө оруулалтын талаарх өмнөх байдал, алдаа, оноогоо дүгнэн үзэж, цаашид юу хийхээ тусгаж, хөрөнгө оруулалтаа өөр өнцгөөр харан эдийн засгаа цаашид тэлэхэд оршиж буйг онцоллоо.


Тэрбээр, Монголд гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулахад хэтэрхий өндөр босго тавьсан, шүүхийн маргааныг олон арван жил уядаг зэрэг алдаагаа засаж, саад тотгорыг арилган хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, тэдэнд үйлчлэх төр, засгийн үйл ажиллагааг нэг мөр болгож байгаа гэв. Энд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаас гадна манай дотоодынхон өөрсдөө мөн хөрөнгө оруулахад ялгаваргүйгээр хандан хамгаалдаг, хөрөнгө оруулж мөнгө олдог боломжийг олгож, бүрдүүлж өгөх ёстой гэсэн юм.


Сайн хууль гаравч зохицуулалт татварын байцаагчийн гарт очдог тал бий


Хэлэлцүүлэгт оролцогчдын нэг, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг хэлэхдээ, хуулийн төсөл бизнесийн бидэнд таалагдаж байгаа. Хэдий тийм ч хэрэгжилт дээр хуулийн зохицуулалт татварын байцаагчийн гарт л очдог. Хөрөнгө оруулагч бүртгэлээ яаж ч хийсэн, татварынхан ямар нэг заалт дээр зөрчил тооцож хэдэн тэрбум төгрөгийн торгууль тавьдаг. Үүнээс болж гадаадын олон хөрөнгө оруулагч Монголоос явсныг та бүхэн мэднэ. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр анхаарч ажиллахыг хүссэн юм.


Тэрбээр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт төр, засаг зөвшөөрлөө өгсөн л бол түүнийгээ араас нь хамгаалдаг байх ёстой. Тодруулбал, төр хэрэв зөвшөөрлөө өгсөн бол хүчинтэй байлгах асуудлаа өөрөө хойноос нь хянаж үйл ажиллагааг хэвийн явуулдаг байх хэрэгтэй гэсэн саналаа хэлсэн юм. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалт орон нутгийн нэг дарга юм уу, олон нийтийг төлөөлж байна гэсэн шантаачны хэсэг нөхөр дээр очоод гацчихдаг байдлаас болж олон хөрөнгө оруулагч хүлээлтийн байдал байсаар байна гэсэн юм.


Бүсийн хэмжээнд өрсөлдөхүйц эрх зүйн зохицуулалт бүхий орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна


Энэ санааг Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс өнөөдрийн хэлэлцүүлэг дээр хэлсэн юм. Тэрбээр, үүнийгээ хуулийн төсөлд тусгаад буй, хөрөнгө оруулагчийн Хүн амын орлогын албан татвар төлөхийг 3 жилийн хугацаанд хойшлуулна гэсэн нь 4 дэх жилээсээ татварын дарамтад орох байдлыг бий болгох вий, үүнийг хойшлуулах бус чөлөөлөх байдлаар явж болохгүй юу гэсэн санаагаар хэлж байлаа.

Учир нь Чех болон нэг бүсэд орших Камбож, Вьетнам зэрэг улсад энэ талын чөлөөлөлтийг олгодог. Энэ утгаар бусад оронтой харьцуулахад манайд хөрөнгө оруулалтын урамшуулал хангалтгүй байгаа тул энэ асуудлыг бодитой шийдэн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ, Элчин сайд нар, Дэлхийн банк, ОУСК, АХБ, НҮБ, Европын холбооны суурин төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагууд болон Америк-Монголын Худалдааны танхим (АмЧам), Австрали-Монголын танхим, Европын танхим, Улаанбаатар Худалдааны танхим, МҮХАҮТ, Уул уурхайн Үндэсний ассоциац зэрэг бизнесийн байгууллагын удирдлагууд, төлөөлөл оролцож, тэдэнд хуулийн төслийг танилцууллаа.





Нэмж мэдээлэхэд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг Монгол Улсын Шадар сайд болон ЭЗХ-ийн сайдын энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар шинэчлэн байгуулаад байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭЗХЯ, Сангийн яам зэрэг холбогдох төрийн яам, агентлаг болон Монголбанк, АТГ, МҮХАҮТ зэрэг 18 байгууллагын төлөөлөл орон ажиллаж байна. 

Related news