Чуулган: Аялал жуулчлалын тухай хуулийн төслөөр нэг хоногийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-27 16:29:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Тус хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж, гишүүдэд Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Эдийн засгийн хороо байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцсэн аж. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбартай нийцүүлэн өөрчилжээ. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болгон өөрчлөн найруулж, жуулчлалд нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг танилцуулан сурталчлах, зочны гэрээр болон ердийн хөсгөөр үйлчлэх, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамааруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.


Тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн, орон зайн зохистой төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүстэй байх, тус бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх, түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байх нь зүйтэй гэж үзсэн байна.


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, салбарын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах үндсэн чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжжээ. Мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн отоглох цэг байгуулах байршлыг тогтоох талаар төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр тодорхойгүй тул тусгай сан байгуулах шаардлагагүй гэж үзэн төслөөс уг сантай холбоотой зохицуулалтыг хасах, үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэжээ.


Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцааж, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хуульд нийцүүлэн боловсруулах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ан агнуурын нөхцөл нь нэлээд хугацаанд зохицуулалтгүй байснаас олон сөрөг үр дагавар гарч байсныг төрөөс зохицуулж, тодорхой менежмент хэрэгжүүлсний үр дүнд хүрээд байгааг Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн. Харин төсөлд аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загасыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдаалах зохицуулалт тусгасан байгааг шүүмжилж, үр дагаврын талаар тайлбарлаад, ямар өөрчлөлт орсон талаар тодруулав.


Засгийн газраас орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн, тухайн жилдээ ан агнуурын тусгай зөвшөөрлийн тоо толгойг нарийвчлан тогтоох зохицуулалт хийх бөгөөд төсөл дэх холбогдох заалтад өөрчлөлт оруулаагүй гэсэн хариултыг Х.Ганхуяг гишүүн өглөө. Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд төсөлд тусгасан эсэхийг лавлав. Мөн тэрбээр уламжлалт анагаах ухаан, рашаан, сувилал гэх зэрэг бусад улс оронд байхгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхийн тулд төсөлд “эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар” хэмээн тусгайлан тусгаж, хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгах шаардлага бий гэсэн саналыг хэлсэн юм. Төсөлд тусгайлсан зохицуулалт байхгүй ч аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэлбэр гэдэг агуулгыг тусгасан хэмээн Х.Ганхуяг гишүүн хариулт өгсөн. 


Хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Б.Пүрэвдорж гишүүн хуулийн төслийг нягтлах шаардлагатай талаар хэлж, АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар аялал жуулчлалын улирал дөхсөн тул нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.

Related news