Европт агаарын бохирдлын улмаас жилд 1200 гаруй хүүхэд нас барж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-24 15:57:34

БРЮССЕЛЬ. /AFP/. Европт агаарын бохирдлын улмаас жилд 18-аас доош насны 1200 гаруй хүн нас барж байгаагаас гадна хүүхдүүд хожим архаг хууч өвчтэй болох эрсдэл нэмэгдэж байна гэж Европын Холбооны /ЕХ/ Байгаль орчны агентлаг өнөө өглөө мэдээллээ.


Хэдийгээр сүүлийн үед нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа ч Европын олон оронд, ялангуяа төв-зүүн хэсгийн орнууд, Италид агаарыг бохирдуулагч гол бодисуудын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зөвлөсөн хэмжээнээс өндөр хэвээр байна гэж ЕХ-ны 27 гишүүн орныг хамруулан 30 гаруй оронд хийсэн судалгаанд дурджээ.


Гэхдээ Орос, Украин, Их Британи зэрэг аж үйлдвэрийн томоохон орнуудыг оруулаагүй тул нас барагсдын тоо тивийн хэмжээнд хавьгүй өндөр байх төлөвтэй байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Байгаль орчны агентлагаас мэдээлснээр, 2020 онд ЕХ, мөн Исланд, Лихтенштейн, Норвег, Швейцар, Туркт агаарын бохирдлын улмаас 238 мянган хүн зуурдаар нас баржээ.


Харин сүүлд хийсэн судалгаа нь хүүхдүүдэд онцгойлон анхаарал хандуулсан анхны судалгаа болжээ. Хэдийгээр 18-аас доош насныхны нас баралт Европын нийт хүн амтай харьцуулахад бага байгаа ч эрт нас барах нь ирээдүйн боломжийг алдахад хүргэж байгаагаас гадна бага болон ахимаг насныхаа аль алинд нь архаг хууч өвчтэй болох эрсдэлийг дагуулж байгааг тайланд онцолсон байна.


Иймд сургууль, цэцэрлэгүүд, мөн спортын байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн буудлууд орчмын агаарын чанарыг сайжруулахад анхаарахыг холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн төрсний дараа бохирдолтой агаараар амьсгалах нь зүрхний хэд хэдэн өвчин, багтраатай болох, уушгины үйл ажиллагаа муудах, амьсгалын замын өвчин, харшилтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна

Агаарын чанар муу байгаа нь “Европ дахь хүүхэд, өсвөр үеийнхний есөн хувь нь өвчлөөд байгаа багтраа зэрэг өвчнийг улам хүндрүүлж, улмаар насанд хүрсэн хойноо ямар нэгэн архаг өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна”.


2021 оны байдлаар хотын бүсийн оршин суугчдын 97 хувь нь ДЭМБ-ын зөвлөсөн түвшинд нийцээгүй агаараар амьсгалж байгааг өнөөдөр танилцуулсан тайлан мэдээлэлд дурджээ.


Өнгөрсөн онд Байгаль орчны агентлаг ЕХ 2030 он гэхэд агаарын бохирдлын улмаас зуурдаар нас барах хүмүүсийн тоог 2005 онтой харьцуулахад 50 хувиар бууруулах зорилтоо биелүүлэх бололцоотой байгааг онцолжээ. 1990-ээд оны эхээр агаарын бохирдлын улмаас Европын 27 оронд жилд нэг сая орчим хүн зуурдаар нас барж байсан бол 2005 онд энэ тоо 431 мянгад хүрч буурчээ.


Харин ДЭМБ-ын хувьд Европ дахь нөхцөл байдлыг бусад тивийнхээс харьцангуй сайн гэж үздэг бөгөөд дэлхийн хэмжээнд жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна. Энэ нь тамхидалт, буруу хооллолтоос болж нас барж байгаа хүмүүсийн тоотой ойролцоо үзүүлэлт аж. Автомашин, ачааны машинаас гол төлөв ялгардаг, уушгинд гүн нэвтэрдэг нарийн ширхэгт тоосонцрыг агаарын хамгийн аюултай бохирдуулагчид тооцдог бол араас нь азотын давхар исэл, озон ордог.

Related news