Төрийн өмчийн байруудын түрээстэй холбоотой мэдээллийг shilen.gov.mn сайтаас үзэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-24 14:33:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил" ажиллагааны хүрээнд 1745 компани, хуулийн этгээдийн төрийн өмчийн 314 байр, объект дахь 148.699 ам метр талбайн түрээсийн мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.


Төрийн өмчийн байр талбайн түрээсийн нийт орлого өнгөрсөн онд 21.9 тэрбум төгрөг болсон байна. Түрээсийн орлогоос улсын төсөвт мөн онд 7.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Иргэд хэн, хаана, ямар үнээр, хэдий хэмжээтэй талбайг ямар хугацаанд түрээслүүлж буйг мэдэхийг хүсвэл shilen.gov.mn сайтаас харж хянах боломжтой юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний загвар, төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 18-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан аж. Үүнд, түрээсийн орлогын 40 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр тогтоосон байна.  


“Шил” ажиллагааг эхлүүлсэн гуравдугаар сарын 27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд shilen.gov.mn сайтад 1.3 сая хандалт бүртгэгджээ. Салбарын сайд Н.Учрал энэ тухайд "Иргэд аливаа мэдээлэлд сургаар хандалгүй, нээлттэй мэдээлэлд түшиглэн дүн шинжилгээ хийж, эш үндэстэй хандах соёлыг хэвшүүлж байна" гэв. 

Related news