Нийт нутгийн 80 хувь өвлийг хүндрэлгүй давах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-07 12:43:00

Улсын хэмжээнд нийт нутгийн 80 хувьд өвөлжилт болон хаваржилт хэвийн буюу хүндрэхгүй байх боломжтой хэмээн ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш мэдээлэв.

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд намаржилт хэвийн, 40 гаруй хувьд дунд, Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд ургамалжилт муу байгаа юм. Энэ нь нийт нутгийн 60 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь  нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь даац хэтэрсэн үзүүлэлт аж. Тиймээс малчид өвс, тэжээлээ сайн бэлдвэл өвөл, хаврыг хүндрэлгүйгээр давах боломжтой аж. Харин 20 хувь буюу нийт 14 аймгийн 47 сумын 4.6 сая малыг бэлчээрийн нөөцтэй газруудад отроор өвөлжүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ жилийн хадланд  дугуйт трактор 7101, бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт 5806, хаман боогч 621, морин хадуур 1000, гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур 5000 ширхэг ашиглаж байна. Малчид 1.2 сая тн өвс, 100 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 24 хувь буюу 284.3 мянган тн хадлан /аваад байна. Мөн аймаг сумд аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлжээ.

Мөн ХХААХҮЯ-наас “Малчин лавлах-109” тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Малын гаралтай түүхий эдийг үнийн уналтаас сэргийлэх зорилгоор энэхүү утсыг ажиллуулах болсон байна. Малчид уг утасанд үнэгүй хандан дотоодын аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, ахуйн хэрэглээний зүйлсээр малын гаралтай түүхий эдээ солилцох санал тавьж болох юм. Мөн компаниуд ч малын гаралтай түүхий эд худалдан авах санал тавьж болох бөгөөд “Малчин лавлах” иргэн, аж ахуйн нэгжийг холбох үүрэг гүйцэтгэх аж. Иргэн, аж ахуйн нэгжийн бараа солилцооны ажлыг 10 сард зохион байгуулах юм.

Ч.Ариунболд

Related news