ХЭНТИЙ: Сурагчдын дотуур байранд “Итгэлтэй утас”-ыг байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-15 20:34:58

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг 2022-2023 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлаж, энэ хүрээнд албан байгууллага, ААН-үүд хүүхдүүдэд зориулсан олон ажил, хөрөнгө оруулалтыг санаачлан хийсээр байна.

Энэ удаад аймгийн холбооны газар Хэрлэн дөрөвдүгээр сургууль, Хан Хэнтий цогцолбор сургууль болон Бэрх хот дахь олон улсын хөтөлбөртэй Кембрижийн сургуулийн сурагчдын дотуур байруудад таксфон буюу итгэлтэй утсыг байршууллаа. Тус утас нь үнэгүй дуудлага хийх боломжтойгоос гадна тоггүй болон ямар ч үед ажиллах давуу талтай байна.

Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Ц. Алтанхүү хэлэхдээ “Сурагчдын дотуур байранд хөдөө орон нутгаас ирж суралцаж буй, гэрээсээ хол 1-12 дугаар анги хүртэлх хүүхдүүд амьдардаг. Эдгээр хүүхдүүд дотуур утасгүй, утастай хэдий ч яаралтай үед ар гэрийнхэнтэйгээ холбогдох үед утас нь цэнэггүй, нэгжгүй болдог тохиолдлууд гардаг. Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд утасгүй учраас тэр болгон гэрийнхэнтэйгээ холбогдож чаддаггүй, хааяа нэг том ах эгч, багшийнхаа утсыг гуйж ярьдаг байжээ. Тэгвэл тэр хүүхдүүд одоо санах бүртээ аав, ээжтэйгээ ярьж байх боломжтой боллоо” гэв.

Зөвхөн дотуур байрны сурагчид тус утсыг хэрэглээд зогсохгүй бусад хүүхэд шаардлагатай тохиолдолд ч ашиглаж болох давуу талтай аж.

Энэ мэтчилэн Хэнтий аймгийн бүх сумын ЕБС-ийн дотуур байруудад үнэгүй дуудлага хийх боломжтой таксфон утаснуудыг холбооны газраас аймгийн засаг даргатай хамтран ажиллаж байршуулж эхэлнэ гэлээ. 

Related news