ХЭНТИЙ: Аймгийн засаг дарга Бор-Өндөр суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-06 14:55:51
Бор-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав энэ сарын 6-ны өдөр Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийж, төр засгаас баримталж буй бодлого, шийдвэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтэд хариулт өгөв.
Уулзалтад 100 гаруй иргэн, төрийн албан хаагчид хамрагдсан бөгөөд иргэд асуулт тавьж, санал бодлоо хуваалцсан юм. Тодруулбал, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирал дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил сурталчлах аяныг бүх суманд зохион байгуулахаар төлөвлөсөн тул сургуулийн захирлуудад чиглэл өгөн мэдээлэл хүргэж, хүүхдүүдийг бүрэн хамруулахыг хүслээ. Мөн Бор-Өндөр сум газар нутаг багатайгаас болж хөрш зэргэлдээ сумдаас малчдад ирж байгаа дарамт их байгаа талаар болон ахмад багш н.Валья Бор-Өндөр сумын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн асуултад тухай бүрд нь хариулт өгсөн бөгөөд үүнээс онцолбол “Улсын төсөвт засварын ажилд зориулж хөрөнгө тавихаа больсон.
Нийт аймгийн хэмжээний засварын ажилд Орон нутгийн төсөвт 2022 онд 700 сая, 2023 онд 1,0 тэрбум төгрөг батлагдаж ирсэн. Энэ нь 18 сум, таван тосгоны ЭМТ, сургууль, цэцэрлэгийн засварт хүрэлцдэггүй. Жишээ нь, Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг 1,9 тэрбумын засвар, сургууль нэг тэрбум гаруй төгрөгийн засвар хэрэгтэй гэж танилцуулж байна. Тиймээс бид байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу тус барилгын ашиглалтад орсон он, засвар хийсэн хугацаа зэргийг харгалзан эрэмбэлж, эрэмбийн дагуу засвар үйлчилгээг хийж байгаа” талаар танилцууллаа. Мөн их засварын төсвийг нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд вакуум цонхны үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэцэг аймгийн Засаг даргыг үйлдвэр дээр нь биечлэн очиж танилцах хүсэлт тавив. Түүний хүсэлтийн дагуу ажлын багийнхан Ш.Баттулга, Ц.Цэцэг нарын гэр бүлийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Тэд вакуум цонх, тавилгын үйлдвэр, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сум орон нутгаас төдийгүй ойролцоох аймгуудаас захиалга их ирдэг гэв. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлж камин зуух, буйдан гэх мэт калласик загварын тавилгууд хийхээр төлөвлөж, төслөө аймгийн Засаг даргад танилцууллаа.
Засаг даргын зүгээс Орон нутагт энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлж, гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо барих бодлого барин ажиллаж байгаа Ш.Баттулгын гэр бүлийнхэнд амжилт хүсээд төр засгаас олгож байгаа хүү багатай, санхүүгийн дэмжлэгт хамруулах тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн уулын баяжуулах үйлдвэрээс хэрэглээний халуун, хүйтэн ус авах техникийн нөхцөлийг гаргаж өгөхөөр боллоо.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ сумын Онцгой байдлын хэлтсийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус байгууллага нь Цагдаагийн газрын мэдлийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Барилгын хувьд засвар хийснээс хойш 14 жил өнгөрсөн бөгөөд хана, таазанд цууралт үүссэн тул МХГ-аас хоёр ч удаа үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлага хүргүүлж байсан юм. Мөн өөрийн гэсэн гараашгүй, Цагдаагийн хэлтэстэй нэг гараашт автомашин, тоног төхөөрөмжөө байрлуулдаг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Тиймээс гал унтраах депо барих зайлшгүй шаардлагатай байгааг танилцууллаа.
Засаг даргын зүгээс бодит байдалтай нь биечлэн танилцахад шинэ депо барих зайлшгүй шаардлага бий гэж үзэв. Гэсэн хэдий ч томоохон бүтээн байгуулалт хөрөнгийн асуудал улсын төсвөөр шийдэгдэх тул саналаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мөн Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2023 оны зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж, санхүүгийн асуудлууд тулгарсан байна. Тиймээс бүсийн хэмжээний уралдаан тэмцээн тул аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Related news