СЭЛЭНГЭ: "Баталгаат мэдээлэл амьдралыг аварна" төслийг анх удаа хэрэгжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-29 19:01:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Баталгаат мэдээлэл амьдралыг аварна” төслийн үр дүнг танилцуулах уулзалт энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын бага танхимд боллоо.

 

Дээрх төслийн хүрээнд хэрэгжиж буй "Хямралын мэдээллийн харилцаа-оролцогч талуудын хамтын ажиллагаа II" сэдэвт төсөл нь 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 27-ны хугацаанд Сэлэнгэ аймагт хэрэгжиж ийнхүү дүнгээ танилцууллаа.   

 

Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 9 гишүүнтэй баг байгуулан ажиллалаа. 

 

Тус багийн гишүүд хямралын үед мэдээлэл харилцааны ажлыг оновчтой явуулах талаар гурван өдрийн сургалтад хамрагдаж, хүн бүр өөр өөрсдийн ажилд хэрэгцээтэй мэдээлэл, арга зүйг олж авчээ.  

 

Сургагч багш нарын зүгээс оролцогчдод бодит ур чадвар, мэдлэгийг олгоход чиглэсэн, харилцан санал бодол, туршлагаа хуваалцах боломж бүхий хэлбэрээр, хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг өгч чадсан нь давуу байв.  

 

Сэлэнгэ аймгийн хувьд хилийн бүс нутаг учраас хил дагасан малчдын амьдрал, ахуй, хилчдын ажил байдлыг онцолсон “Хилчин үү, Малчин уу?” сэдвийг сонгосон.   

 

Хамтарсан багийнхан төслийн хүрээнд цахим сайтуудаар мэдээллээ түгээхээс гадна аймгийн “Сэлэнгийн мэдээ” сонины тусгай дугаар гаргажээ.    

 

Төслийн үр дүнг танилцуулах уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, аймгийн ТЗУХ-ийн дарга болон бусад хэлтэс албадын дарга нар, оролцогч багийн гишүүд, малчдын төлөөлөл оролцлоо.  

 

Байгууллага хоорондын уялдаа холбоогоо хангаад ажиллавал манай аймгийн хувьд маш олон чиглэлд үр дүнтэй хамтарч ажиллаж болох юм байна. Мөн тулгамдаж буй асуудлаа хамтраад шийдэх, үр дүнд хүрч болох арга замыг олж харлаа хэмээн төслийн багийн гишүүн, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, аймгийн ҮЭХ-ны дарга Э.Саранчимэг хэллээ.

Мөн энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа “Хилийн бүс аймаг олон байгаа. Гэвч манай аймгийг сонгож төслөө хэрэгжүүлсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Хямралын үед төдийгүй энгийн үед ч гэсэн мэдээ мэдээллээ хэрхэн солилцох, иргэдэд зөв, бодит мэдээллийг шуурхай хүргэснээр ямар үр дүнд хүрэх талаар мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт болсон байна. Төслийн утга учир бол цаашид үргэлжлүүлээд үр дүнтэй ажиллаад явахад байдаг. Энэ төслийн хүрээнд бий болсон төр, иргэний нийгэм, сэтгүүлчдээс бүрдсэн энэ баг, аймгийн хэмжээнд энэхүү үйл ажиллагаагаа улам сайжруулаад аваад явах хэрэгтэй. Аймгийн зүгээс ч дэмжээд хамтраад ажиллахад бэлэн байна хэмээв. 

 

Төслийн үр дүнд зорилтот бүлэг нь цахим орчинд түгж буй мэдээллийг нягталдаг, ялган таньдаг ур чадварт суралцаж чадсан байна.

 

Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжиж буй уг төслийг амжилттай хэрэгжихэд оролцогч талууд маш идэвхтэй, тогтвортой оролцож, үндэсний хэмжээний хямралын харилцааны бүтцийг үүсгэн байгуулахад туслах жишиг ажил болох боломжийг бүрдүүлж өгсөн нь төслийн үр дүн юм.  

 

Энэхүү төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яам, Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүллээ. 

Related news