СЭЛЭНГЭ: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 6 эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-21 14:59:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. U17 насны ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт боллоо.

 

Тус тэмцээнийг Сэлэнгэ аймаг аймагт анх удаа Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медальт, ОУХМ Санжаагийн Батсүхийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд 34 байгууллагын 463 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Сэлэнгэ aqua” клубийн эрэгтэй баг тамирчид 90 оноогоор 4 дүгээр байрт шалгарчээ. Мөн аймгийн Орхон сумын харьяат, Спорт сургуулийн сурагч Т.Энххүслэн 48 кг-ын жинд алтан медаль хүртэж, шилдэг тамирчин болсон байна.

 

Мөн Орхонтуул сумын харьяат, Спорт сургуулийн сурагч Б.Занданбат 60 кг-ын жинд алтан медаль хүртэж, шилдэг ур чадвартай бөхөөр тодорчээ.

 

Түүнчлэн Мандал сумын харьяат, Спорт сургуулийн сурагч Ш.Хаш-Эрдэнэ 51 кг-ын жинд 5 дугаар байрт шалгарч өсөх ирээдүйдэй бөхөөр шалгарсан байна.

 

Тэмцээний тэргүүн байрт аймгийн БТСГ “Таван хан ноён” клубийн эмэгтэй баг тамирчид 143 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа.

 

Ингээд Сэлэнгэ аймгийн охид, хөвгүүд нийт 6 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

 

Ташрамд дуулгахад ирэх 6 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо болох Ази тивийн аварга, мөн 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд Турк улсын нийслэл Станбул хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцох 6 эрх авлаа.

 

Related news