ДАРХАН-УУЛ: 250 ортой шинэ эмнэлэг барих төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-17 12:28:13

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хүн ам нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмж багасч, ачаалал нэмэгдэж байна. Тиймээс төвийн бүсийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор 250 ортой шинэ нэгдсэн эмнэлэг барих төслийг эхлүүлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг 107.000 хүн амтай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас шилжин суурьшигчдыг хүлээн авч ойрын 1.5 жилд хүн амаа 20 хувиар өсгөхөөр төлөвлөсөн. Өсөн нэмэгдэх хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорих иргэдийн урсгалыг сааруулах, ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэхээр орон нутгийн удирдлагууд төслийг дэмжих донор байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.




Энэ сарын 16,17-ны өдөр УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлан, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Аннемари Страатхоф, тус банкны Төв Азийн бүсийн захирал Сюзана Харгитай, Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нар Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, төсөл хэрэгжүүлэх шатны эхний яриаг хийлээ. Орон нутгийн удирдлагууд эхний ээлжинд шинэ эмнэлгийн дэд бүтэц, инженерийн байгууламжийг барьж байгуулахад донор байгууллагуудаас дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.




Банкны зүгээс орон нутаг бусад бүс нутгийг хөгжүүлэх, хүний амьдрах орчин, дэд бүтцийг сайжруулах санал, төслийг таатай хүлээн авч хамтран ажиллахыг зорьдог. Тиймээс орон нутагтай холбоотой олон асуудалд хамтран ажиллах боломжтойг хатагтай Аннемари Страатхоф илэрхийлж, төслийн танилцуулга, бусад үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ жилийн тухайд ТЭЗҮ хийгдэж дуусвал ирэх жилээс барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Энэхүү төсөл нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хөдөө болон хотын тэнцвэртэй хөгжлийн бодлогын маш том хэсэг нь болж байна гэж сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.



 

Улсын хэмжээнд өрсөлдөх чадварын судалгаагаар хамгийн бага үзүүлэлт авч үнэлэгдсэн нэг хэсэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аж. Тиймээс дэд бүтэц, тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр талууд түлхүү ярилцсан байна. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан холбогдох банкны төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй ирж танилцаж байгаа нь манай төсөл нэг алхам урагшилж, боломж ойртож байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.




Төсөл бүрэн хэрэгжсэнээр Дархан-Уул аймагт 250 ортой, нэн шаардлагатай амбулаторийн иж бүрэн тоноглолтой шинэ эмнэлэг барина. Дархан сумын 13 дугаар багт шинэ эмнэлэг барих 5 га газрыг орон нутгаас шийдвэрлэсэн. Төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тохиолдолд аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг аль нэгд газар олголтыг хийх, техникийн нөхцөл бэлэн болжээ.




Ташрамд, одоогийн Нэгдсэн эмнэлгийн барилга нь 1972 онд ашиглалтад орж байсан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарим тасаг нэгжүүд орчин үеийн шаардлагад нийцээгүй, амбулаторийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих зориулалтын шат, цахилгаан шат байхгүй зэрэг дутагдал их бий. 

Related news