ЗАВХАН: Ойн зурваст 18 мянга гаруй мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-14 15:02:29

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр, 50 га газарт ойжуулалтын ажлыг хийжээ.

Харин ойн төгөл, ойн зурвасыг 9 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 27 га талбайд хийсэн байна. Ойн мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгөөр 18 га талбайд мод тарих ажлыг хийлээ.

Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн өөрийн аймагтаа тарьц суулгацыг тариалах, модыг үрээр үржүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Тэгвэл, өнөөдрийн байдлаар Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт, Дунд өвөлжөө нэртэй газрын 50 га талбайд "Ургах нахиа" ХХК ойжуулалтын ажлыг гүйцэтгэж намрын тарилтаар шинэсний 125000 ширхэг тарьц суулгаснаас хяналтын тооллогоор 11250 ширхэг тарьц тоологдож ойжуулалтын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хийжээ.


Мөн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт, Агьтын Цэцэн-Уул намаржаа нүүр нэртэй газрын ойн сангийн 27 га талбайд "Хавчгийн ногоон мод" ХХК байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг хийсэн.

Их-Уул сумын нутагт, Идэр голын сав дагуу Хөшиг мод нэртэй газрын 5 га талбайд "Хавчгийн ногоон мод" ХХК ойн зурвас байгуулах ажлыг хийж, ойн зурваст нийт 5000 ширхэг мод, бут тарьж намрын тооллогоор 94 хувийн амьдралтай тус тус хүлээлгэж өгсөн. 


Завхан аймгийн ойн сангийн нөөц орших, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа 45 ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр, ойжуулалтын ажлаар нийт 23074 ширхэг мод бут тарихаас намрын тооллогоор 35 ойн мэргэжлийн байгууллага 13038 ширхэг мод бут тарьжээ. Харин аймгийн хэмжээнд, ногоон хэрмийн туслах зурвас байгуулсан 70 гаруй га талбайн хашаа хамгаалалтыг сайжруулах ажлыг хийж, 2500м урт хайс хамгаалалтыг барьсан байна.


1000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийжээ

Завхан аймаг жил бүр ой хамгааллын ажлыг төлөвлөгөөний дагуу хийдэг.

Өнгөрсөн жил, ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагч нартай хамтран хийсэн. Хаврын судалгаагаар 10 сумын 134827 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж, 111639 га талбайд хөнөөлт шавж тархаж, 48020 га талбайд хөнөөлийн голомт үүсгээд байгааг тогтоосон.

Ингээд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баянтэс сумын ойн сангийн 500 га, Баянхайрхан сумын ойн сангийн 500 га, нийт 1000 га талбайд ойн хөнөөлт шавж хортонтой тэмцэх ажлыг хийж, 92 хувийн үр дүнтэй хүлээлгэн өгсөн.

Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг, ойн сангийн 200 га, Идэр сумын Мануустай багийн Ямаатын цагдуулт, Хэц, Загастай багийн Тунын байц, Анаг нэртэй газрын 89 га талбайд Зулзган мод төгөл ХХК ойн цэвэрлэгээний ажлыг хийгээд байна. Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн Хойд шивэртий нэртэй газрын ойн сангийн 50 га талбайд Сайхан ой ХХК арчилгааны огтлолт хийж талбайг хүлээлгэн өгсөн гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Related news