“Хү” хамтлаг “Babymetal”-тай дахин хамтрахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-13 14:47:10

ЛОНДОН. /Music News/. Монголын “Хү” рок хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар төлөвлөж байна.


Монголын рок хамтлаг 2019 онд Сүзүка Накамото /Сү-металл/, Моа Кикүчи /Моаметалл/ нарын гишүүдээс бүрдсэн “Babymetal” хамтлагтай нэгэн тайзнаа гарч байсан бол ирээдүйд дахин хамтрах гэж байгаа талаараа ярьжээ.


Их Британийн “Metal Hammer” сэтгүүлийн “fan Q+A” буланд “Хү” хамтлагийн гишүүн Галаа яриа өгөхдөө, “Babymetal” бол гайхалтай хамтлаг. Үзүүлбэрийнх нь урам зориг, эрч хүчийг юутай ч зүйрлэшгүй. Бид “Babymetal”-тай дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд гайхалтай уран бүтээлчид төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид” гэжээ.


Мөн тэрбээр хамтлагийн гишүүд аялан тоглолтынхоо үеэр “оргилсон их эрч хүчээ дарахын тулд” видео тоглоом тоглодог тухайгаа дэлгэжээ. Тус хамтлагийн уран бүтээлүүд “Star Wars Jedi: Fallen Order”, “The Sims 4” зэрэг тоглоомуудад эгшиглэдэг бөгөөд цаашид шинжлэх ухааны уран зөгнөлт “Star Wars” цувралд зориулан дахин уран бүтээл туурвина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


“Бидний хувьд аялан тоглолтын шахуу хуваарьтай байдаг учраас видео тоглоомууд оргилсон их эрч хүчээ дарахад гол туслах болдог. “UFC”, хөл бөмбөгийг одоогоор бид илүүтэй дурлан тоглож байгаа, “Fallen Order”-ыг анх гарах үед нь бид байнга тоглодог байсан учраас “Star Wars”-ын тоглоомоор зогсохгүй ертөнцөд нь зориулан илүү олон уран бүтээл гаргана гэж найдаж байгаа” гэж Галаа хэллээ.


“Хү” хамтлагийн гишүүд нь Монгол Улсын соёлын элч нар бөгөөд эх орноо дэлхий даяар сурталчлан таниулж байгаагаараа бахархаж, түүнийгээ “өндөр хариуцлага” хэмээн үздэг. Тэд өмнө нь өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр, “Бид Монгол орныхоо соёлын элчийн үүргийг гүйцэтгэж буйгаараа туйлын их бахархдаг. Гэхдээ энэ бол маш өндөр хариуцлага юм. Бид улам их хөдөлмөрлөж хичээх ёстой. Уран бүтээлээ төгс төгөлдөр болгохын тулд, үзүүлбэрүүдээ илүү үзүүлэхийн тулд бид илүү их хичээж, Монгол орноо эергээр төлөөлөхийг хүсэж байна” хэмээн ярьж байжээ. 

Related news