Дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь илүүдэл жинтэй болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-03-03 16:17:39

ЛОНДОН. /BBC/. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь 2035 он гэхэд таргалалт, илүүдэл жинтэй болж магадгүй байгааг Дэлхийн таргалалттай тэмцэх холбооноос /WOF/ анхааруулав.


Тус байгууллагын тайланд дурдсанаар, дөрвөн тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй болох тооцоо гараад байгаа бөгөөд хүүхдүүдийн дунд илүү хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Африк, Ази тивийн бага, дунд орлоготой орнуудад таргалалт огцом нэмэгдэнэ гэж тооцоолжээ.


Улмаар 2035 он гэхэд дэлхий дахины таргалалттай тэмцэхэд зориулах зардал жилд 4 их наяд ам.доллароос давж магадгүй байна. Улс орнууд яг одооноос холбогдох арга хэмжээнүүдийг авахгүй бол ирээдүйд ямар эрсдэл бидэнтэй тулгарахыг сануулж байна гэж Дэлхийн таргалалттай тэмцэх холбооны тэргүүн, профессор Луиза Баур тайлан гарсантай холбогдуулан мэдэгдсэн байна. 


Ялангуяа хүүхдүүд, өсвөр насныхны дунд таргалалтын түвшин нэмэгдэж, 2035 он гэхэд 2020 оны үеийнхээс хоёр дахин өсөх төлөвтэй байгааг тайланд онцлон анхааруулжээ. Л.Баур үүнд хамгийн их санаа зовниж байгаагаа илэрхийлээд, дэлхийн улс орнуудын засгийн газар, бодлого боловсруулагчид таргалалтад нөлөөлж буй “систем, хүчин зүйлс”-ийг үнэлж, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зардлыг залуу хойч үедээ дамжуулан өгөхгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй гэсэн байна.


Бага орлоготой орнуудад хүн амынх нь дунд таргалалт давамгайлж байгаагаас үүдэлтэй нөлөө их байгааг тайланд мөн онцлон тэмдэглэсэн байна. Таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Ази тивийн бага, дунд орлоготой улсууд аж. Орлого багатай орнуудын “таргалалт, түүний үр дагаварт хариу арга хэмжээ авах чадвар хамгийн сул байдаг” байна. 


Хэт боловсруулсан хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний нийлүүлэлт, маркетингийг хянах бодлого сул, жингээ хянахад туслах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол дутмаг зэрэг нь таргалалтын голлох шалтгаан болдог байна. Таргалалт гэдэг нь биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахад хэрэглэдэг анагаах ухааны нэр томьёо юм. Энэхүү тайланд хүний биеийн өндөр, жинг харьцуулан тооцдог биеийн жингийн индексийг /БЖИ/ ашиглан дүгнэлт гаргажээ. 

Related news