НҮБ-ын комиссын хуралдаанд Монголын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн орчныг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-02-24 15:59:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны хуралдаанаар дэлхийн дижитал эдийн засгийн хөгжлийг хөндөн хэлэлцэж байна.


Тодруулбал, Тайландын Бангкок хотноо энэ оны 2 дугаар сарын 22-24-нд болж байгаа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдаанаар:

  • цахим худалдааг хөгжүүлэх,
  • гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
  • технологи, инновацыг нэвтрүүлж, улс оны эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.


Технологи, инновацыг хөгжүүлснээр аж үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан дэд бүтцийг сайжруулах, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар мөн хэлэлцэж байгаа юмХуралдаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж оролцон Монгол Улсыг төлөөлөн үг хэлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.


Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиах Алисжахбана, Худалдааны хөрөнгө оруулалт, инновацын хэлтсийн дарга Рупа Чанда, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагуудын Дэлхийн холбооны ерөнхийлөгч Депак Багла нартай уулзлаа.


НҮБ-ын нийгмийн комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгж, бизнесийн инновацын хорооны анхдугаар хуралдааны даргалагчаар Монгол Улсаас Тайландын хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр сонгогдон ажиллаж байна.



Тайландын Бангкок хотноо зохион байгуулж буй хорооны анхдугаар хуралдаан нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг бүс нутгийн хэмжээнд амжилттай биелүүлэх, цар тахлын дараах эдийн засгийн хямралыг даван туулахад худалдаа, хөрөнгө оруулалт, инновацад түшиглэн үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж буйгаараа онцлог болж байгааг ЭЗХЯ-наас мэдээллээ.

Related news