П.Алтантуяа: Хүүхдүүдийн 8 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-01 13:03:58

Монгол Улсын боловсролын салбар 2014-2015 оны хичээлийн шинэ жилд бага боловсролын цөм хөтөлбөрөөр, өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Тэгвэл  2016-2017 оны хичээлийн шинэ жилд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөөр хичээллэж эхлэх түүхэн гарааны жил тохиож байгаагаараа онцлогтой болж байна. Ингээд энэхүү цөм хөтөлбөрийн онцлог болоод боловсролын байгууллага хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлтгэлтэй оролцож байгаа талаар аймгийн БСГ-ын бодлого хэрэгжилтийн албаны дарга, Монгол хэл, уран зохиолын боловсролын мэргэжилтэн П.Алтантуяагаас тодрууллаа.

-Сайн байна уу? Танд эрдмийн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Юуны өмнө та бүхэн, хүүхэд багачууддаа 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

-2016-2017 оны шинэ хичээлийн жилд боловсролын салбарын өмнө ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Боловсролын салбарынхан энэхүү 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг эрдэм боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил төлөвшилтэй, амьдрах ухаантай хүүхдүүд болгон төлөвшүүлэх гэсэн эрхэм том зорилго тавьсан байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бид чармайн зүтгэх болно.   

-Энэ шинэ хичээлийн жил маань нэлээд онцлогтой эхэлж байх шиг байна. Гараагаа эхэлж байгаа шинэ хөтөлбөрийнхөө онцлогийн талаар тодруулж өгөөч?

-2016-2017 оны хичээлийн жилийн гол онцлог бол бид өмнө нь сургуулийн өмнөх боловсролын болон суурь, бага боловсролын цөм хөтөлбөрүүдээ шинэчилж, амжилттай хэрэгжүүлэн ажилласан. Энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гарааны түүхэн жил болж байна. Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн онцлог нь болохоор хүүхэд бүр өөрийн сонголтоор заавал судлах, заавал сонгох болон сонгон гүнзгийрэх гэсэн гурван үндсэн агуулгаас хүүхэд өөрөө хичээлээ сонгон судалж, цаашид ажил, мэргэжлийн чиг баримжаагаа олох юм. Энэ нь боловсролын талаар төрөөс 2024 он хүртэл баримтлах бодлогод тусгасан онцлог ажил л даа. Иймээс бид чанартай хэрэгжүүлэн ажиллах учиртай юм.         

-Сэлэнгэ аймгийн тухайд сургууль, цэцэрлэгийн хангамж хүрэлцээтэй байгаа юу?

-Манай аймгийн сургуулийн хүрэлцээ хангамжийн тухайд суурь боловсролын хамран сургалт 99.1 хувьтай байгаа. Энэ нь хангалттай гэсэн үг. Харин цэцэрлэгийн тухайд хамтран сургалт 92 хувьтай байгаа. Энэ нь цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 8 орчим хувь нь хамрагдаж чадахгүй байна гэсэн үг.

-Сэлэнгэ аймгийн хувьд сургууль, цэцэрлэгүүдэд мэргэжлийн багшийн хүрэлцээ ямар байгаа вэ?

-Манай аймаг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн учраас мэргэжлийн багш нарын хүрэлцээ сайн байдаг. Статистик үзүүлэлтээр 99.8 хувьтай байгаа. Гэхдээ математик, мэдээлэл зүй, хөгжмийн багшийн хүрэлцээ хөдөө алслагдсан сумдууддаа муутай байдаг. Гэвч бид явцын дунд энэ мэргэжлийн багш нараа нөхөөд гүйцээчихдэг юм.

-Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Яг энэ өдөр ямар нэгэн шалтгаанаар нээлтээ хийж чадаагүй сургууль, цэцэрлэгүүд байна уу?

-Тийм зүйл байхгүй байгаа. Харин Хөтөл хотын сургуулийн их засварын тендерийн асуудал оройтож эхэлснээс шалтгаалаад өнөөдөр үндсэндээ Монголын нууц товчоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлээ орно. Маргааш амьдрах чадварт суралцахуй үйл ажиллагаагаар сургуультайгаа танилцах, орчин тойронтойгоо танилцах, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээр хүүхдүүдтэйгээ уулзалт ярилцлага явагдана. Тэгээд энэ  сарын 5-ны өглөө танхимын сургалтаа эхэлнэ.   

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news