Боомтын сэргэлт нэмэгдсэнээр экспортын хүчин чадал 2-3 дахин өснө гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-20 13:07:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр МҮОНТ-д ярилцлага өгөхдөө боомтын сэргэлт нэмэгдсэнээр экспортын хүчин чадал 2-3 дахин өсөх бололцоотой болохыг хэллээ.


Тэрбээр боомтын сэргэлтийн тухайд ярихдаа, “Шинэ сэргэлтийн бодлого” бол “Алсын хараа-2050” хөтөлбөрийн эдийн засгийн бүлэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт, цар тахлаас үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэсэн эрсдэлийн төлөвлөгөө гэхэд болно. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд манай улс биеэ даах ёстой. Өөрөөр хэлбэл, манай тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгосон ч болно. Энгийнээр хэлбэл, “Алсын хараа-2050” хөтөлбөрийн гучин жилийн төлөвлөгөөний эхний 10 жилийн төлөвлөгөө бол “Шинэ сэргэлтийн бодлого” юм. 


Тус бодлогын нэгдүгээр бүлэг бол боомтын сэргэлт. Одоо бид нүүрсний болоод бусад экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэнэ. Тиймээс 10 гаруй жил үргэлжилсэн Гашуунсухайтын төмөр замыг холболоо. Хил холболтын терминалыг удахгүй барина. Энэхүү ажилд 1.5 жилийн хугацаа орно. Саяхан Хангийн төмөр замыг барьж дуусгалаа. Тэрхүү төмөр зам баригдсанаар ӨМӨЗО-ны Бугаттай шууд холбогдоно гэсэн үг. Мөн Шивээхүрэнгийн боомт төмөр замаар холбогдох ёстой. Тус боомтын асуудлыг энэ жилдээ багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна. 


Энэ мэтээр боомтын сэргэлт нэмэгдсэнээр экспортын хүчин чадал 2-3 дахин өсөх бололцоотой. Улмаар тэрхүү санхүүжилтээр бид эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай. Манай улс өнөөдрийн түвшинд жилд 30 орчим сая тонн нүүрс олборлодог. Үүнийг 45 сая, цаашлаад 50 сая, 100 сая тоннд хүргэвэл ДНБ 10 мянган ам.долларыг давна. Засгийн газар авлигатай хийх тэмцэлд иргэдтэйгээ хамтарч ялалт байгуулсан тохиолдолд 2030 онд хүрнэ хэмээн тооцоолж байсан үр дүндээ 1-2 жилийн дараа очихоор байна. Тэгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого” бол хурдасгагч бодлого гэж ойлгож болно” гэлээ.


Related news