Монгол, Финландын хөрөнгө оруулагчдын уулзалтын талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-20 09:02:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхен хотноо үргэлжилж буй Аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Энэ онд тохиож буй Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх, дээд, өндөр түвшний айлчлал, соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав. Мөн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чингэхдээ Монгол, Финландын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистог Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгаа дахин нотлов.

Related news