УГЗ Ц.Мөнхжин БНСУ-д бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-02 09:46:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 1-нд нээлтээ хийлээ.

 

Уг үзэсгэлэнг БНСУ-ын Урлаг судлалын холбоо, Сөүл хотын уран зургийн галерейн урилгаар зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар болон БНСУ-ын Зураачдын холбоо, Уран зургийн галерейн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хоёр улсын зураач уран бүтээлчид, зураг цуглуулагч сонирхогчид оролцов.

 

Зураач Ц.Мөнхжин өөрийн бий болгон хөгжүүлж байгаа “Mirage style” (Зэрэглээ дүрс) чиглэлийн уран бүтээл нь орчин үеийн уран зургийн нэгэн шинэ урсгалд хамаарагддаг учир Солонгос зураач, урчууд, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна.

 

Уран бүтээлч Ц.Мөнхжинг БНСУ-д уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахад дэмжин ажиллаж байгаа Сөүл хотын Уран зургийн Жан Юн Сун Галерей болон БНСУ-ын Урлаг судлаач-шүүмжлэгч Шин Хан Сон нарт Монгол Улсын ЭСЯ-наас талархал илэрхийлсэн юм. Мөн удахгүй 3 дугаар сард Монгол Улсын 30-аад шилдэг уран зураачийн уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн Кенги мужийн Янпен уран зургийн музейд болох юм. Цар тахлын хорио цээр тавигдсанаар Монгол, БНСУ-ын урлаг соёлын салбарын хамтын ажиллагаа ийнхүү сэргэж байна.

 

Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.


Related news