Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-01-30 09:31:27

МЕЛЬБУРН. /BBC/. Сербийн теннисчин Новак Жокович ням гарагт Грекийн тамирчин Стефанос Циципасыг шувтаргын тоглолтод буулган авснаар Австралийн нээлттэй тэмцээний 10 дахь түрүүгээ хүртлээ.


Сербийн тамирчин Мельбурн хотын “Rod Laver” аренад болсон шувтаргын тоглолтод өрсөлдөгчөө 6-3, 7-6, 7-6 онооны харьцаагаар илүүрхсэнээр Их дуулгын цомыг 22 удаа өргөсөн Испанийн тамирчин Рафаэль Надалийн амжилттай эн зэрэгцжээ.


Мөн Н.Жокович нэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд болсон Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны тавдугаар байраас нэгдүгээр байр луу ахисан амжилт үзүүллээ.


Өдгөө 24 настай С.Циципасын хувьд Сербийн теннисчинд баяр хүргээд, түүнийг хамгийн агуу теннисчин хэмээн тодорхойлжээ. Н.Жоковичийн хувьд “эелдэг, хүндэтгэлтэй хандсан” грек өрсөлдөгчдөө талархал илэрхийлсэн байна.


“Үүсээд байсан нөхцөл байдлаас харгалзан үзэхэд амьдралын маань хамгийн том ялалт энэ болж байна” гэж Сербийн теннисчин өнгөрсөн оны Австралийн нээлттэй тэмцээнд “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй байсныхаа улмаас оролцож чадаагүй тухайгаа дурдан ярьжээ.

Related news