Хүйтэн намар, өвөл болж болзошгүй тул мал болон ургацаа хамгаалахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-08-30 21:39:42

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Сэргэлэн сайдынхаа ажлын анхны томилолтыг Сэлэнгэ аймгаас эхэлсэн билээ.   

   ХХААХҮЯ-ны сайд Сэлэнгэ аймагт ирээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тариаланчид, “Гацуур” компанийн ажилчид, Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХК-ийн ажилчидтай уулзаж, ургац хураалтын бэлтгэл, бэлэн байдал, хүндрэлтэй асуудлуудын талаар ярилцсанаар ажлаа эхэлсэн юм. Тариаланчдын хувьд борлуулалтын асуудал маш хүнд байдаг тухайгаа сайдад мөн л хэлж байлаа. Сайд хэлэхдээ ХХААХҮЯ болон МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Атрын-3” аяныг сэргээнэ. Мөн зам засварын ажлыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт яаралтай оруулана гэдгээ онцлон хэллээ. Түүнчлэн сайдын зүгээс тариаланчдын хувьд жил бүр ургац хураалтын үеэр асуудал болдог бензин шатахууны асуудлыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, мөн зээлийн нөхцөл бүрдүүлэх гэсэн хоёр арга замаар шийдэж болно хэмээлээ.

Шинэ сайд газар тариалангийн өлгий Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Энэ зун, намартаа бороо хур элбэгтэй, ч жиндүү хүйтэн, ирэх өвөл хур тундас ихтэй байх төлөвтэй тул хүйтэн бороо, хүчтэй салхи шуурганаас мал болон ургацаа хамгаалж, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын бэлтгэлээ эртнээс сайтар бэлтгэх шаардлагатай” гэдгийг анхааруулсан юм. Мөн “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах албан даалгаваруудыг өгчээ. Тухайлбал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахдаа хөдөө аж ахуйн технологийг мөрдөн ажиллах, тогтоол болон даалгаврын биелэлтийн явцыг сар бүр, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээг долоо хоног тутам, нэгдсэн дүнг 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг анхаарууллаа. Мөн аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт:

-Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл /үер, усны аюул, мөндөр, хүчтэй шороон болон, цасан шуурга г.м/-ээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг аймаг, сум, багийн малчид, тариаланчид, иргэдэд цаг алдалгүй хүргэх, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх системтэй арга хэмжээ авах; 

-Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгч, шавьжтай тэмцэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хүлээн авах.

-Ургац хураалтад ажиллах техник, тоног төхөөрмжийн засвар үйлчилгээг хийж, хүн хүчний тооцоо судалгааг гарган бэлэн байдлыг хангах зоорь агуулахын ариутгал халдваргүйжилтийг хийх даалгавар өгсөн. Энэ үеэр сайдыг дагалдан яваа ХХААХҮЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун 2016 оны хаврын тариалалтыг яамнаас 300 мянга орчим га газар тариална гэж тооцоолсны дагуу технологийн хувьд хэвийн тариалсан тухай мэдээлсэн юм. Энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт ажилласан ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнг Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга Ш.Оргил, аймгийн ИТХ-ын шинэ дарга Г.Бямбаа нар угтан авсан.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news