ДОРНОГОВЬ: Эргэлийн зоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-26 14:37:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаас онцолж байна. Хатанбулаг сумын нутагт  орших Эргэлийн зоо буюу элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий хайрхныг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад газрын зориулалтаар авчээ. Усны нөөц газрын хилийн зааг нь Сангийн овоо, Баянзав, Аман усны хяр, Аман Төгрөгийн худаг тэдгээрийн хоорондох тэмдэгт өндөрлөгүүдээр тогтоосон байна.

Нийт 60 гаруй км урттай, өргөн нь 20 гаруй км үргэлжилсэн тэгш өндөрлөг бүхий байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар гэж үздэг.

Говийн энэ газар нь 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл ихтэй. Америкийн эрдэмтэн И.Эндрюсийн ахалсан экспедиц 1922- 1923 онд Эргэлийн зоо орчимд ажиллаж, хирс дүрст эртний хөхтөн амьтны болон аварга том яст мэлхийн яс зэрэг маш ховор нандин олдворыг олж дэлхийд гайхуулсан байдаг.

Эргэлийн зоо нь энгэр талаасаа алсаас өгсөх налуу харин ардаа эгц ирмэг бүхий 20-3О орчим метрийн өндөр ханан эрэг болон үргэлжилдэг. Энэ зоо орчимдоо нийт 60 шахам модлог өвс ургамал ихтэй.

Сумын төвөөс хойд зүгт 25 км-т оршино. Домогт өгүүлснээр эрт цагт Чингис хаан Эргэлийн зоо дээр гарч ан хийж яваад дэвссэн чинь орой нь тэгшхэн болсон гэх. Мөн энэ зоо дээрээс хоёр загал морио хайж хойд зүгт алсын бараа хартал нэгэн уул халхлаад байхаар харвасанд уулсын орой сэтэрчээ. Сэтэрсэн уул нь арван наймын Богд уул онь болсон гэх бөгөөд оройн хэсэг нь одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байгаа Тоодог, Товруут гэдэг ижил өнгөтэй толгод үүссэн гэдэг домог бий. Эргэлийн зоо дээрээс арван наймын Богд уул сэтэрхий харагдана.

1944 оны зудын үеэр Дундговь, Өмнөговийн олон айл өрх Эргэлийн зоонд нүүж өвөлжөөд хавар нь буцахад таван мянга гаруй тэмээ идээшлэн байхад тохиромжтой өнтэй сайхан байжээ.

Эргэл хүрэн тэмээний омог өнгө зүстэй ашиг шим гаргуун сүрэг бий. Энэ нутгаас хөдөлмөрийн баатар С.Чимэддорж нарын олон аварга малчид төржээ.

Эргэлийн зооны овоог нутгийн ардууд, сум орон нутгийн удирдлагатай хамтран 6-7 дугаар сард тахиж, бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийдэг болжээ. Эргэлийн зоо орчимд аргаль янгир, хулан зэрэг байгалийн ховор ан амьтад идээшилдэг. 

Related news