Хөрөнгийн биржийн энэ оны анхны бондыг “Сэндли” гарган арилжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-25 16:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэндли ББСБ” ХК-иас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр эхэллээ.


Тус компанийн үнэт цаасны танилцуулгад тусгаснаар нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 85 мянган ширхэг бондыг зах зээлд санал болгож байна. Ингэснээр 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.


Арилжааны цан цохих ёслолыг Монголын Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ нээж хэлэхдээ, өнөөдөр Хөрөнгийн биржийн 6892 дахь удаагийн арилжаа болж байна. “Сэндли ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй бондын арилжааг Монголын Хөрөнгийн бирж өнөөдрөөс нэгдүгээр сарын 31-нийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна. Түүнчлэн арилжааны явцад захиалга санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэйг нийт хөрөнгө оруулагч нарт дуулгая гэв.


Дээрх компанийн олон нийтэд санал болгож буй бонд нь 2023 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй анхны бүтээгдэхүүн гэдгийг тэрбээр онцоллоо.

Related news