Эдийн засгийг тогтворжуулж, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж танилцуулах чиглэл өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-01-24 18:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.

Тэрбээр, Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцыг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав.


Дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлт гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй гээд бодлогын зорилтоо экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байгааг УИХ-ын дарга онцлов

 


Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтыг хянах ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.


Үүнээс гадна УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 28-нд баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт буюу арилжааны банкнуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулж ажиллахыг анхааруулсан талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Related news