“NASA” түлшинд хэмнэлттэй нисэх онгоц бүтээх төсөлд хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-19 13:11:52

ВАШИГТОН. /Reuters/. АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа агаарын тээврийн салбарт хорт утааны ялгарлыг бууруулахаар ажиллаж байгаатай холбоотойгоор түлшинд хэмнэлттэй нисэх онгоц бүтээх “Boeing” компанийн "Sustainable Flight Demonstrator" төсөлд 425 сая ам.доллар хуваарилснаа мэдэгджээ. 


“Түлш бага зарцуулдаг нисэх онгоцны загвар бүтээх, турших, мөн утааг бууруулах технологиудыг турших” энэхүү төсөлд “Boeing” компани “NASA”-тай хамтран ажиллана” гэж тус агентлаг мэдээлсэн байна. 


Энэхүү төсөлд “NASA” долоон жилийн хугацаанд 425 сая ам.доллар оруулах бол үлдсэн 725 сая орчим ам.долларын санхүүжилтийг  “Boeing” болон бусад хамтрагч компаниуд гаргах аж.  


Уг төслөөр түлшний зарцуулалт, хорт утааг 30 хувь хүртэл бууруулах зорилгоор "Transonic Truss-Braced Wing" нэртэй  нарийн их биетэй, хэт нимгэн урт сунасан далавчтай нисэх онгоц бүтээх юм. 


Жо Байдены засаг захиргаа 2030 он гэхэд агаарын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах зорилт тавиад байгаа юм. 

Related news